ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ

A- A A+
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ

 

 

Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна. 

Энэ удаа Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Ховдын толь ТББ-ын үйл ажиллагааг онцоллоо. Тэд Ховд аймгийн Мянган угалзатын нуруу байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож байсан компанийн үйл ажиллагааг зогсоож, хууль бус шийдвэр гаргасан Ховд аймгийн ИТХ-ын журмыг хүчингүй болгуулахад манлайлан оролцжээ. Тэдний хэрэгжүүлсэн төсөл, үр дүнгийн талаар Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны нөлөөллийн төслийн зохицуулагч Г.Энхжаргалтай ярилцлаа.


1. Ховд аймгийн Цэцэг суманд ямар асуудал үүссэн бэ?

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт Мянган угалзатын нуруу хэмээх улсын тусгай хамгаалалтад орсон байгалийн цогцолборт газар бий. 2000 оноос хойш гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” нар тус газарт хууль бусаар олборлолт явуулж ирсний уршгаар 13 га талбай байгалийн унаган төрхөө алдан сүйдсэн гэх тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Энэ хохиролыг арилгуулахын тулд Ховд аймгийн ИТХ 2015 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталжээ. Ингэхдээ нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ “тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэж заасан нь нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмал олборлох нөхцөлийг бий болгосон аж. 

Тус журмын дагуу Ховд аймгийн ИТХ анх 2017 оны долоодугаар сард “Ашид Алтай Майнинг” ХХК-тай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийг эхлүүлжээ. Гэвч тухайн компани нөхөн сэргээлт хийх бус ашигт малтмал олборлож эхэлсэн байна. 

Энэ нь Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7.3-д заасан "Бичил уурхай эрхлэхээс бусдаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж ашигт малтмал эрх, хайх, олборлохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл болохыг Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа мэдээлж, эсэргүүцэж байжээ. 

2017 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор дээрх журмыг шинэчлэн баталсан ч өмнөх хууль зөрчсөн үйлдлээ залруулж чадаагүй байна. Үүний улмаас хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийсэн компаниуд ажлаа хүлээлгэж өгдөггүй, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаа арилгадаггүй атлаа сум, аймгийн Засаг захиргааны байгууллагатай дахин гэрээ байгуулж, үйл ажиллагаа үргэлжлүүлэх байдал давтагдсаар байжээ. 

2. Тэд энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?

Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ, Ховдын толь ТББ хамтран Нээлттэй нийгэм форум сангийн дэмжлэгтэйгээр энэ асуудал дээр нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл хэрэгжүүлж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ шүүхэд нэхэмжлэл гаргахаар холбогдох баримтуудыг цуглуулсан байна. Мөн тэд нутгийн захиргааны байгууллагуудад удаа дараа албан шаардлага хүргүүлжээ. "Бидний хэрэгжүүлсэн нөлөөллийн ажлыг Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжиж, хамтарч ажилласан. Орон нутгийн иргэд ч уг хууль бус үйл ажиллагааг идэвхтэй эсэргүүцэж байсан" гэж төслийн зохицуулагч Г.Энхжаргал ярьсан юм. 

Дашрамд дурдахад, зургаан аймгийн сэтгүүлчид нэгдэж Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны чиглэлээр нөлөөллийн ажил явуулах, стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

3. Ямар үр дүнд хүрсэн бэ?

Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагууд болон нутгийн иргэдийн идэвхтэй шаардлагын үр дүнд Ховд аймгийн ИТХ-ын 2018 оны наймдугаар сард 82 болон 60 дугаар тогтоолоо хүчингүй болгожээ. Тогтоолыг цуцлуулахыг Ховд аймгийн болон Цэцэг сумын ИТХ-ын төлөөлөгчид дэмжин, хамтарч ажилласан байна. Одоогоор олборлолт явуулж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоон, тухайн газар нутгийг цагдаагийн хамгаалалтад аваад байна. 

Мөн Цэцэг сумын нутагт хууль бус олборлолт явуулсантай холбоотойгоор 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүгийн цагдаа, байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгалт явуулжээ. Шалгалтын явцад хууль зөрчсөн үйлдлүүд батлагдсан тул 82 дугаар тогтоолыг баталсан ИТХ-ын тэргүүлэгчид, 2016 оноос хойш ажиллаж буй ИТХ-ын дарга зэрэг нийт 15 хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байгаа аж.  

Харамсалтай нь, 2015 онд 82 дугаар тогтоол батлагдсанаас хойш нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолт явуулсны уршгаар хөндөгдөж, сүйдсэн газрын хэмжээ 21 га талбай болж нэмэгдсэн болохыг Мянган угалзатын нуруу байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдээлжээ. 

4. Тэд одоо юу хийж байгаа вэ?

Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо дээрх хууль бус үйл ажиллагааг олон нийтэд таниулах, цаашид ийм явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цуврал нэвтрүүлэг хүргэхээр ажиллаж байна.  

"Иргэд Ховдын туршлагаас суралцаж өөрийнхөө аймаг, орон нутагт батлагдаж, хэрэгжиж буй адил төстэй эрх зүйн актуудыг цуцлуулах, ийм зөрчил дахин гарахаас сэргийлээсэй гэж хүсэж байна" гэж Г.Энхжаргал нэмж хэлсэн юм.

 

5. Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?  

"Баянхонгор, Дорноговь, Дорнод гэх мэт уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг бусад аймгуудад ийм асуудал давтагдахыг үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэд, иргэний нийгмийн байгууллагууд энэ мэт асуудалд анхаарал хандуулж, хяналт тавих хэрэгтэй. Саналаа хэлэх, тусгуулах эрх нь хуулиар олгогдсон гэдгийг мартаж болохгүй.Тухайлбал, 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд аливаа албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Сонсох ажиллагаа явуулах ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт амьдарч буй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдээс саналыг нь авах ёстой гэсэн үг. Гэтэл Ховдын жишээн дээр Сонсох ажиллагааг огт явуулаагүй байдаг. 

Түүнчлэн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, гол мөрнүүдийн сав газруудын захиргаа гэх мэт хяналтын байгууллагууд чиг үүргээ бүрэн биелүүлдэггүй, холбогдох эрх бүхий байгууллагуудын хууль бус үйлдлийг илчилж, арга хэмжээ авах тал дээр санаачилга гаргадаггүй байдал ажиглагдаж байна. Иймд иргэд холбогдох захиргааны байгууллагуудад шаардлага, хяналт тавих нь юу юунаас чухал юм" гэдгийг тэрбээр ярианыхаа төгсгөлд онцоллоо. 

Цуврал №1 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь