Өөрчлөлтийн түүхүүд - Хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд хохирлоо барагдуулсан нь
Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран үнэт зүйл, шударга ёсны төлөө тэмцэж, хууль бусаар ажлаасаа халагдсан асуудлаа шийдвэрлүүлсэн хүмүүсийн түүхээс хүргэж байна.
Энэ удаагийн нийтлэлээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г-г аймгийн Засаг дарга Г.Батжаргал хууль бусаар ажлаас нь халснаар үйл явдал хэрхэн өрнөж, дууссаныг онцлон хүргэх юм. “Амьд хууль төв” ТББ энэ хэрэг дээр ажилласан бөгөөд үйл явдал 2017 онд эхэлж, 2020 онд төгсгөл болжээ. “Амьд хууль төв” ТББ нь Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийгэмд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд “Хариуцлагатай засаглал, хүний эрх, стратегийн өмгөөлөл” төслийг хэрэгжүүлэхдээ Баянхонгор аймагт болсон уг хэргийг жишиг болгон ажилласан байна. Тус төслөөр Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, хариуцлага хүлээлгэхгүй байгаа дээд шатны албан тушаалтан байдаг бол түүнийг ажлаа хуулийн дагуу хийлгэхийг зорилго болгон ажиллажээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г-д ямар асуудал тулгарсан бэ?
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г-г 2017 оны хоёрдугаар сарын 2-нд “Ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан” гэсэн агуулгаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал ажлаас нь чөлөөлж, халах шийдвэр гаргажээ. Үүний дараа Ж.Г ажлаасаа хууль бусаар халагдсан гэсэн үндэслэлээр эрхээ хамгаалуулахаар Аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүхийн маргаан 1.5 жил үргэлжилжээ.
Ингээд энэ хэрэг анхан шатны шүүхээс “Аймгийн Засаг дарга нь хуулийг буруу хэрэглэж Ж.Г-г ажлаас нь чөлөөлж, хохирол учруулсан байна. Ийм учраас аймгийн Засаг даргын 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосугай” хэмээх агуулга бүхий шийдвэрийг 2017 оны есдүгээр сарын 7-нд гаргасан байна. Гэсэн ч Анхан шатны шүүхийн шийдвэрийг аймгийн Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүхээс 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн магадлалаар “Анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байна. Баянхонгор аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийг буруу ойлгож, хэрэглэсний улмаас иргэн Ж.Г-г ажлаас нь буруугаар чөлөөлжээ” гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. Үүнийг мөн л аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрөөгүй тул Улсын дээд шүүхэд хандав. Ингээд Улсын дээд шүүх 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлтэй, хууль ёсны болсныг тогтоож, шийдвэр гаргасан байна.
Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад Ж.Г-г ажилд нь буцааж томилоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадлага хэрэглэж, түүнийг буцааж ажилд нь томилохыг шийдвэрлэв. Ингээд 2018 оны наймдугаар сарын 17-нд Ж.Г-г ажилдаа буцаж орсны дараа аймгийн Засаг дарга түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй төдийгүй нэг сарын дотор АТГ-ын ХОМ-тэй холбоотойгоор дахин сахилгын арга хэмжээ авч, цалинг нь гурван сар 30 хувиар хасахаар шийдвэрлэжээ.
Ж.Г дахин гурван шатны шүүхээр явахад мөн л аймгийн Засаг даргыг буруу шийдвэр гаргасныг тогтоож, сахилгын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ хугацаанд Ж.Г-ийн хувьд эдийн засаг, сэтгэл санаа, ажил хэргийн алдар хүнд, нэр хүндэд сэв сууж хүндрэл учирч тухайн орон нутгийн иргэдэд буруу зөрүү ойлголт гарч сүүлдээ оршин суугаа газраа солих хэмжээнд хүрснийг дурдах хэрэгтэй.
Энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?
Гурван шатны шүүхээр аймгийн Засаг дарга Г.Батжаргал буруутай шийдвэр гаргасан нь нотлогдсон ч тэрбээр хуулийг сахин биелүүлэхгүй байсан тул иргэн Ж.Г өөртэй нь адил асуудал тулгарсан олон хүнийг төлөөлж нийгэмд шударга ёс тогтоох, Захиргааны хуулийн хариуцлагын заалтыг хэрэгжүүлэх, хууль бусаар ажлаас халагддаг асуудлыг цаашид гаргахгүй байх, нийгэмд зөв ойлголт өгөх зорилгоор Ерөнхий сайдад гомдол гаргасан. Ерөнхий сайд нааштай хариу өгөөгүй тул түүнийг Аймгийн Засаг даргад хариуцлага тооцох үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татаж, гомдол гаргасан. Учир нь аймгийн Засаг дарга хариуцлага алдвал түүнд Ерөнхий сайд арга хэмжээ авдаг хуультай ажээ.
Түүнээс гадна И, Б, И нарын хувьд ч ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон боловч аймгийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлсэн юм. Гэвч хууль бусаар иргэдийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргад хариуцлага тооцоогүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гарсны дараа “Хаалттай сануулах” захирамжийг Ерөнхий сайд гаргасан боловч энэ нь бодит байдалтай авцалдахгүй шийдвэр юм. “Хаалттай сануулах” арга хэмжээг энгийнээр тайлбарлавал, чи хууль бус шийдвэр гаргаад байна гэж хэлж, сануулахтай адил. Энэ арга хэмжээг нэг удаа л зөрчил гаргасан тохиолдолд хэрэгжүүлдэг. Нэг зөрчлөө удаа дараа давтан гаргасан, хариуцлага алдсан албан тушаалтанд авдаг арга хэмжээ биш. Монгол Улсын Ерөнхий сайд нь хууль зөрчсөн албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад тохирсон хариуцлага хүлээлгээгүй тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн иргэн Г, И, Б, И нар нь Монгол Улсын Ерөнхий сайдыг хариуцагчаар татан 2018 оноос эхлэн шүүхэд хандаж 2 жил орчим маргасны эцэст шүүхийн эцсийн шийдвэр гарч нэхэмжлэгч нарын зөв байсан болох нь тогтоогдсон.
Ямар үр дүнд хүрсэн бэ?
Шүүхийн энэ шийдвэр нь албан тушаалтны гаргасан шийдвэр хууль ёсны байх, хууль бус байвал арга хэмжээ авдаг хуультай байдаг гэдгийг нотолсон төдийгүй Захиргааны Ерөнхий хуулийг хэрэгжүүлсэн анхны бодит тохиолдол юм. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж, 2016 оноос дагаж мөрдөгдсөн бөгөөд төрийн албан хаагч, төрийн удирдах эрх бүхий байгууллагын ажилтнууд Монгол Улсын хуулийг дээдэлж, сахин биелүүлж, хуулийн дагуу шийдвэр гаргах гэсэн агуулгатай.
Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжоор хүнийг ажлаас нь чөлөөлөх захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргаж байгаа албан хаагч тухайн хүндээ урьдчилж заавал мэдэгдэх ёстой байдаг. Өөрийнх нь саналыг асуух ёстойг Захиргааны хуульд заасан.
Удаа дараа хууль бус үйлдэл гаргасан албан хаагчид ямар шийтгэл ногдуулахыг Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Нэгдүгээрт, нээлттэй болон хаалттай сануулга өгөх, хоёрдугаарт албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар 20 хүртэлх хувиар бууруулах, гуравдугаарт ажлаас халах, дөрөвдүгээрт, нийтийн албанд нэгээс 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах гэсэн заалт бий.
Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0717 тоот шийдвэрээр аймгийн Засаг даргад өмнө нь Ерөнхий сайдаас “Хаалттай сануулах” арга хэмжээ авсан захирамжийг хөнгөдсөн гэж үзэн хүчингүй болгож, Ерөнхий сайдыг аймгийн Засаг даргад тохирох арга хэмжээ аваагүй нь хууль бус болохыг тогтоож, Захиргааны Ерөнхий хуулийн 105.2-д заасан арга хэмжээ авахыг буюу тохирох шийтгэл ногдуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгаж шийдвэрлэсэн. Гэсэн ч Ерөнхий сайдын зүгээс тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Ингээд 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж аймгийн Засаг даргад тохирох шийтгэл оногдуулахыг Ерөнхий сайдад даалган шийдвэрлэсэн. Үүнийг бас л хүлээн зөвшөөрөлгүй Ерөнхий сайдаас Дээд шүүхэд хандсан байна. Дээд шүүхээс 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тухайн асуудлыг авч үзэн Анхан шат, Давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэжээ. Хариуцлага алдсан албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой гэсэн утга бүхий шийдвэрийг гаргасан байна.
Уг хэрэг Дээд шүүхээс шилжиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудал яригдаж байх үед 2020 оны Орон нутгийн сонгуулийн өмнө Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.
“Амьд хууль төв” ТББ уг хэрэгтэй холбоотой ямар мэдээ мэдээллийг иргэдэд өгч байгаа вэ?
Хуульч Н.Энхжаргал “Аймгийн Засаг дарга төрийн хууль тогтоомжийг чанд сахиж, даган биелүүлэх үүрэгтэй этгээд юм. Хүнийг ажлаас нь чөлөөлөх, халахдаа хуулиа биелүүлэх ёстой байдаг. Хүнийг ажлаас нь чөлөөлнө гэдэг түүний ажиллах, хөдөлмөрлөх эрхэд нь халдаж байгаа бүдүүлэг үйлдэл. Хүн зөрчил гаргаж болно. Энэ нь ажлаас халах үндэслэлтэй зөрчил мөн үү, эсвэл өөр төрлийн арга хэмжээ авах үндэслэлтэй юу гэдгийг заавал харгалзан үзэх ёстой” гэв.
Дээрх дөрвөн хүнээс гадна есөн хүн буюу нийт 13 хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн нь шүүхээр нотлогдсон бөгөөд нөхөж олгосон цалингийн хэмжээ 171,2 сая төгрөг болсон. Энэ мөнгийг Төрийн албаны хуульд зааснаар эхлээд төрөөс буюу иргэдийн татварын мөнгөөс гаргадаг. Дараа нь буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох хувь хүнээс өөрөөс нь гардаг байна.
Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?
Дээр өгүүлсэн Ж.Г-ийн түүх хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүсийн зөвхөн нэг л төлөөлөл. Ийм асуудалтай нүүр тулсан хүмүүс шүүхийн байгууллагад хандаж, шударга ёсны төлөө тэмцвэл асуудал бага багаар цэгцэндээ орох нөхцөл бүрдэнэ. Төрийн эрх бүхий албан хаагч шийдвэр гаргахдаа хүний эрхэд суурилсан, хуульд үндэслэсэн, оролцоог нь хангасан, сайн шийдвэр гаргах ёстойг хуулиар үүрэг болгосныг дээрх жишээ харуулна. Эрх нь зөрчигдсөн хүн хуульчид хандаж, шүүхэд хандаж эрхээ сэргээлгэж, алдагдсан боломжоо олж авч чадахгүй ч гэсэн алдагдсан цалингаа авдаг, хууль зөрчсөн албан тушаалтан Ерөнхий сайд байсан ч хуулийн дагуу арга хэмжээ авахуулж болдгийг харуулсан бодит түүх юм.
Энэ тухай хуульч Н.Энхжаргал хэлэхдээ “Дээрх түүх өнгөн дээрээ нэг хүний асуудал мэт боловч нийгэмд үзүүлэх нөлөөлөл асар их. Нийтийн алба хашиж байгаа хүн анх төрийн албанд орохдоо тангараг өргөж, хууль дээдлэх, тэгш байх, шударга байх, ардчилсан ёсыг сахин ажиллах үүрэгтэй болдог. Аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хууль бусад хуулийг заавал дагаж мөрдөх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээс хууль зөрчиж гаргасан шийдвэр нь иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хааж, хохирол учруулна, хүмүүсийг төрдөө итгэх итгэлгүй болгох, талцах, эв нэгдэлгүй болгох зэрэг сөрөг үр дагавар гаргаж цаашлаад улс эх орны хөгжилд ч сөрөг үр дагавар авчирна.
Зөвхөн шүүхэд хандсан, ажлаас хууль бусаар халагдсан 13 хүнд нөхөж олгосон цалингийн хэмжээ 171,2 сая төгрөг болсон. Үүнийг буруу шийдвэр гаргасан хүнээр нь нөхөн төлүүлэх тул тухайн шийдвэр гаргасан албан хаагч ч гэсэн маш их хэмжээний өрөнд орж, хариуцлага хүлээж, хүнд байдалд орж байгаа. Тиймээс аливаа шийдвэр гаргаж байгаа хүн эргэж нягтлан харах хэрэгтэй. Төрийн эрхэм дарга нараа ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол хуулиа сахиж, хуулийн дагуу асуудлаа хөндөөрэй. Зөрчил гаргасан хүн байвал өөрөөс нь эхлээд мэдээлэл авах хэрэгтэй. Гүтгүүлсэн байх ч магадлалтай шүү дээ. Орон нутгийн сонгууль өнгөрөөд бүх удирдах албан хаагч солигдож байгаа энэ үед шинээр удирдах алба хашиж байгаа, шинээр нийтийн албанд орж байгаа хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс асуудлыг зөнд нь орхилгүй зохих байгууллагад хандаж байх нь шударга ёс тогтооход, үр хүүхдүүдээ эрүүл нийгэмд хөл тавихад оруулж байгаа маш том зүтгэл. Төр түмэн нүдтэй гэдэг, төрийн түмэн нүд бол ард түмэн шүү” гэлээ.
Цуврал №1 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь
Цуврал №2 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ