БОДЛОГЫН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтийг судлах, дагалдан гарсан дүрэм журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдлыг үнэлэх, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх, бодлогын тулгамдаж буй асуудлыг тодорхойлохыг зорьдог билээ. ННФ-аас энэ удаа дор дурдсан чиглэлийн хүрээнд судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Судалгааны чиглэл
1. Эрүүгийн эрх зүй, хууль сахиулах салбарын шинэчлэлийн хүрээнд:
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, түүний хэрэгжилтийн байдал
- Хөөн хэлэлцэх хугацааг тогтоож буй байдал, арга хэлбэрүүд, давуу, сул тал
- Сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаанд илэрч буй зөрчил, шийдвэрлэх арга зам
- Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтийн байдал
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дах өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж буй байдал
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн давхардал
- Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад тулгамдаж буй асуудал
- Залилах гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргээс ялган, эсхүл давхар зүйлчлэхэд тулгамдсан асуудал
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, авлигын гэмт хэрэг мөн эсэх
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зөвшөөрөл, тулгамдсан асуудал
- Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик: илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал
- “Зүй бус харьцаа”-г “эрүү шүүлт”-ээс ялгах нь
- Эрүү шүүлт тулган олж авсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн зохицуулалтын хэрэгжилт, шүүхийн практикт гарч буй ахиц дэвшил
- Мөрдөх албаны тухай олон улсын харьцуулсан судалгаа
- Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлын үнэлгээний талаарх олон улсын харьцуулсан судалгаа
- Согтууруулах ундааны хэрэглээ ба гэмт хэргийн хамаарал
- Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал ба Гэмт хэргийн хамаарал
- Шинээр гэмт хэрэгт тооцох шаардлагатай сөрөг үзэгдлүүд, үндэслэл
- Ялгаварлан гадуурхалтыг тусгайлсан хуулиар зохицуулах шаардлагатай эсэх
- Цагдаагийн албан хаагчийг бэлтгэх өнөөгийн тогтолцоо, олон улсын сайн туршлага
- Цагдаагийн албан хаагч, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын (хорих ял эдлүүлэх чиглэлээр ажилладаг) албан хаагчийг давтан сургах тогтолцоо, олон улсын сайн туршлага
- Хууль сахиулах салбарын хяналт шинжилгээний үр нөлөөг дээшлүүлэх арга зам
2. Ардчилсан сайн засаглалын хүрээнд:
- Парламентын хяналтын чиг үүргийг бэхжүүлэхтэй холбоотой парламент дахь цөөнхийн эрх, үүргийг зохицуулах эрх зүйн орчин
- УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бие даасан хяналтын байгууллагуудтай хоршин ажиллах тэнцвэртэй харилцааг зохицуулсан эрх зүйн орчин
- Нээлттэй өгөгдлийн стандарт, олон улсын сайн туршлага, нээлттэй өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчин
- Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилт, үр нөлөө
- Нийгмийн үр нөлөөт хөрөнгө оруулалт (social impact investment)-ыг дэмжих эрх зүйн орчин
- Улс төрийн намд төрийн санхүүжилт олгох харилцааг зохицуулах зохистой шийдэл, бодлогын хувилбарууд
3. Эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах хүрээнд:
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ын гишүүнд тавигдах шаардлага, томилгоо, эрх, үүрэг хариуцлага, тайлагналыг сайжруулах нь
- Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тогтоох үйл явц дахь төрийн үүрэг хариуцлага: Түүх, соёл, экологийн хувьд үнэ цэнэтэй газрын хамгаалалт, орон нутгийн оролцоо, хүний эрхийг хангах нь
- Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, түүнийг тодорхойлох нь
- Ашигт малтмалын ашиглалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг дээшлүүлэх нь: Тусгай зөвшөөрөлд тавих босго, шаардлага
- Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт
- Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөлд хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх арга зам
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хараат бус байдлыг хангахад төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох нь
- Нийтийн эрх ашгийн өмгөөллийн санхүүжилтийн хувилбаруудыг тодорхойлох
- Хайгуулын үйл ажиллагаатай холбоотой орон нутагт үл ойлголцол, маргаан зөрчил үүсэхэд буй нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ (ямар асуудаар ихэвчлэн үл ойлголцол үүсдэг, түүнд оролцогч талууд, үл ойлголцлоос үүдэх үр дагавар, цаашид авах арга хэмжээ г.м)
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судлаач /судалгааны баг/ судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болох ба судалгаа хийхээр сонгосон сэдвээр суурь судалгаа хийсэн байх,
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Cудалгааны төслийн маягт.
Судалгааны төслийн баримт бичгийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны Баасан гаргийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Санамж: Судалгааны дээрх гурван чиглэлээс сонгосон чиглэлийнхээ нэрийг имэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.