Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2022 оны 9 сарын 1-ээс 11 сарын 15-ны хугацаанд 2021 онд шинээр батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд мониторинг хийсэн юм. Энэхүү мониторингийн үр дүнгийн талаар 2023 оны 1-р сарын 26-нд болсон “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Мониторингийн дүнгээс товч танилцуулбал, мониторингийн судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь шинээр батлагдсан НМИТБтХ-ийн талаар мэдлэг ойлголтгүй, 63 хувь нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ огт авч чаддаггүй гэсэн байна. Мөн хууль хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын 66 хувь нь тус хуулийг хэрэгжүүлэх талаар хангалттай мэдлэггүй гэсэн үр дүн гарчээ. Судалгаанд хамрагдсан мэдээлэл хариуцагч 38 байгууллагын хуульд нээлттэй байхаар заасан 44 төрлийн мэдээлэлд мониторинг хийхэд 58.5 хувийг нь огт ил болгоогүй байна. Мөн 51 мэдээлэл хариуцагч байгууллагаас амаар, бичгээр болон цахимаар мэдээлэл хүсэхэд 47 хувьд нь огт хариу өгөөгүй байна.
Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил харилцаа холбооны яам болон Хүний Эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллүүд оролцон хуулийн хүрээнд иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, байр суурийг илэрхийлсэн илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд “Төрийн мэдээллийн ил тод байдал сайжирсан уу?” сэдэвчилсэн хэлэлцүүлгийн панелистаар оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлэн, оролцогчид болон сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хэлэлцүүлгийн 2 дугаар үе буюу “Иргэдийн мэдэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвчилсэн хэлэлцүүлгийн панелистаар “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Фиделитас партнерс” ХХН-ийн хөндлөнгийн судлаач, шинжээчдийг урьж оролцуулсан юм.
Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах талаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлсэн ажил - PPT
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторингийн үр дүн - PPT
АЮУЛД ӨРТӨӨД БУЙ МЭДЭХ ЭРХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ - ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА СУРГАМЖ - PPT