Энэхүү шинжилгээ нь Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын хэрэгжилтийн өнөөгийн төлөв байдлыг тоймлон харуулж, Засгийн газрын төсвийн ерөнхий зарцуулалт болон тогтвортой хөгжлийн гол зорилгуудад холбогдох хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, жендерийн эрх, тэгш байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж гэсэн долоон салбар дах төсвийн гүйцэтгэлийн чиг хандлагыг судаллаа. Цаашлаад эдгээр чиг хандлагыг үндэсний түвшин дэх ТХЗ-ын хэрэгжилтийн явцтай холбон авч үзэх юм.
Судалгаанаас харахад Монгол Улсын төсвийн гүйцэтгэл төлөвлөснөөс доогуур байгаатай адил салбарын түвшинд ч төсвийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүү нь өндөр хэвээр байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгоос 10-ыг нь хамарч буй 7 салбарын 3 жил (2018, 2019, 2020 он)-ийн эцсийн бодит зарцуулалт нь батлагдсан төсөвтөө хүрээгүй байна. 2021 оны ТХЗ-ын Индексээр зөвхөн ТХЗ 4 буюу “чанартай боловсролыг дэмжих” зорилго биелсэн бөгөөд бусад 6 салбарын хувьд зорилгодоо хүрэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байна. Зорилгоо биелүүлсэн боловсролын салбарын хувьд ч сүүлийн жилүүдэд КОВИД-ын хорио, түүний боловсролын салбарт үзүүлсэн сөрөг нөлөөг даван туулах хангалттай санхүүжилтгүйн улмаас нэлээдгүй бэрхшээлтэй тулгарсаар байна.
Судалгааны тайланг Монгол, Англи хэлээр Мэдээллийн сангаас үзнэ үү.