Нээлттэй нийгэм форумаас “Төсвийн мэдээллийн цахим сангуудын танилцуулга” сэдэвт уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар Сангийн яамны зүгээс улсын төсвийн мэдээллийн цахим системүүдийн талаар иргэний нийгмийн төлөөлөлд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал "Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба цахим систем (publicinvestment.gov.mn)"-ийн талаар танилцуулсан бөгөөд иргэд энэхүү системээр дамжуулан шинээр төсөл санаачлах, үнэлгээ өгөх, одоо хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн төслүүд дээр санал хүсэлтээ илгээх боломжтойг онцоллоо. Төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхийн зэрэгцээ иргэдийн тусламжтайгаар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн төслүүдийн хяналтыг сайжруулахад ач холбогдолтой гэсэн юм.
Нээлттэй Нийгэм Форумаас төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг кодчилох саналыг гаргасан нь Төсвийн тухай хуульд тусгалаа олж, энэ оны төсвийн тухай хуульд туссан төслүүд нь кодтой болсныг онцолж байлаа. Мөн төслийн анхны төсөвт өртгийг хөрөнгө оруулалтын жагсаалтын маягтад тусгадаг болсныг хэлж байсан юм.
Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баттөмөр болон тус яамны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны мэргэжилтэн Б.Энхжаргал нар "Шинэчлэгдсэн шилэн дансны систем, түүний нээлттэй өгөгдөл хэсэг (https://shilendans.gov.mn/openData)" -ийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн нэгтгэлийн хэлтсийн зөвлөх Г.Солонго болон мэргэжилтнүүд иргэдийн төсвийн систем, түүний мэдээллийн сан (iltod.mof.gov.mn), BOOST мэдээллийн сан (iltod.mof.gov.mn/opendata) зэргийн талаар иргэний нийгмийн төлөөллүүдэд танилцууллаа.
Төсвийн мэдээллийн нээлттэй байдал дээшилж байгаа бөгөөд ил болсон төсвийн мэдээллийг иргэний нийгмийн зүгээс ашиглан төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэгт танилцуулагдсан ИРГЭДИЙН ТӨСВИЙН ЦАХИМ СИСТЕМ - ийн талаарх танилцуулгыг хавсаргалаа.