Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

A- A A+
Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нээлттэй Нийгэм Форум 2026 оны 10 дугаар сарын 15-нд “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Хэрэгжилт, тулгамдсан асуудал, сайжруулах боломж” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Судалгаанд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийг үнэлж, хяналтын үр нөлөөг хязгаарлаж буй асуудлуудыг тодорхойлжээ. Улмаар олон улсын сайн туршлагатай харьцуулан, эрх зүйн орчин, хяналтын аргачлал, мэдээлэл баталгаажуулах механизмыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан байна. Шинжилгээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн 2015–2025 онд хамаарах мэдээлэл болон хувийн ашиг сонирхлын ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын 2020–2025 оны статистик, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг ашиглажээ.

Судалгааны урьдчилсан дүгнэлтээр Монгол Улсад мэдүүлэг гаргах, бүртгэх тогтолцооны эрх зүйн үндэс бүрдсэн боловч хяналт нь мэдүүлгийн бүрдүүлэлт, хэлбэрийн шаардлагад түлхүү төвлөрч, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг бусад эх сурвалжтай тулган баталгаажуулах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Иймд мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг урьдчилан илрүүлэх, бууруулахад үр дүнтэй ашиглах шаардлагатайг судалгаанд онцолжээ.

Түүнчлэн урьдчилсан мэдүүлгийг хянах явцад илт ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон ч тухайн этгээдийг албан тушаалд томилсон тохиолдлууд бүртгэгдсэнийг судалгаанд дурджээ. Үүнтэй холбоотойгоор томилгооноос өмнө ашиг сонирхлын зөрчлийг арилгах, арилгах боломжгүй нөхцөлд томилгоо хийхгүй байх зохицуулалтыг тодорхой болгохыг санал болгосон байна.

Мэдүүлгийн хяналтыг сайжруулахын тулд эрсдэлийн үнэлгээ, мэдээлэл баталгаажуулах болон нарийвчилсан шалгалтын эрх зүйн үндсийг тодорхой болгох, холбогдох мэдээллийн сангуудын уялдааг хангах, өндөр эрсдэлтэй мэдүүлгийг сонгон шалгах аргачлалыг хөгжүүлэх шаардлагатайг зөвлөмжид тусгажээ. Мөн хувийн мэдээллийн хамгаалалтыг хангахын зэрэгцээ олон нийтэд нээлттэй мэдүүлгийг машинаар унших, бөөнөөр татаж авах боломжтой болгосноор хараат бус судалгаа, олон нийтийн хяналтыг дэмжих боломжтойг тэмдэглэсэн байна.

Судалгааны үндсэн санал нь мэдүүлэг хүлээн авах, бүртгэх, баталгаажуулах, эрсдэлийг илрүүлэх, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох ажиллагааг харилцан уялдуулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж байна.

Судалгааны танилцуулгыг “Фиделитас” судалгааны хүрээлэнгийн судлаач Д.Баттулга, Б.Баялагмаа нар хийв. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх болон Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Цэнд-Аюуш нар оролцлоо.