ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ

A- A A+
ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалтаар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэл болон УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амьдралын амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байхын чухлыг онцоллоо.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 2026 оны тодотгосон төсвөөс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өсөж, 43.6 их наяд төгрөгт хүрэхээр тусжээ. Тэнцвэржүүлсэн орлогын өсөлтийн талаас илүү хувийг ногдол ашгийн нэмэгдлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нэг удаагийн шинжтэй орлогод суурилан цаашид бууруулахад хүндрэлтэй урсгал зардлыг нэмэгдүүлэх нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг тэмдэглэв. 

Тэрчлэн, бүрэн баталгаажаагүй орлогыг төсвийн төсөлд тусгасан байж болзошгүйг анхаарах нь зүйтэй байна. Тухайлбал, Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нөхцөл, аргачлалыг эцэслэн тохиролцоогүйг онцолсон юм. Иймээс уг орлогын баталгаажсан эсэх, ногдол ашгийг урагшлуулах нь ирээдүйн орлогод ямар өртөгтэй тусахыг тодорхой тооцож, олон нийтэд ил болгох шаардлагатай гэв.

Зөвлөлөөс төсвийн төлөвлөлтийг сайжруулахын тулд дараа оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудыг боловсруулах, өргөн барих, батлах үйл явцыг эргэн харж, төсөв үлэмж тэлсэн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн ил тод байдал, хариуцлага, хяналтыг сайжруулах чиглэлээр боловсронгуй болгох нь зүйтэйг тэмдэглэв.

Эдийн засаг, төсвийн орлого өсөж, Үндэсний баялгийн сантай болсон өнөөгийн нөхцөлд төсвийн шийдвэр бүрийн үр дагаврыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан үнэлэх шаардлага улам нэмэгдэж байна. Гэвч 2027 оны төсвийн төслийн танилцуулгад, тухайлбал, төрийн албан хаагчдын цалин нэмэх нь инфляцад хэрхэн нөлөөлөх, ногдол ашгаар зардал санхүүжүүлэх нь дараагийн жилүүдийн төсөвт ямар үр дагавартай байх талаар хангалттай мэдээлэл алга байгааг зөвлөлийн гишүүд онцоллоо.

Иймд дараа оны төсвийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барих хуулийн төслүүдэд холбогдох судалгаа, үр нөлөөний үнэлгээг заавал хавсаргадаг болгох зохицуулалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусгах санал дэвшүүлсэн юм. УИХ төсвийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах журмыг боловсронгуй болгох тухайд Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо төсөвтэй холбоотой сонсголыг нэгдсэн чуулганы хэлэлцүүлгээс өмнө тусад нь зохион байгуулж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төрийн аудитын байгууллагын санал, дүгнэлтийг сонсож хэлэлцдэг болохыг санал болгов. Ингэснээр УИХ-ын хэлэлцүүлэг зөвхөн зарлагын дүнг өөрчлөхөд бус, төсвийн хөрөнгөөр ямар үр дүнд хүрэхийг нягтлахад төвлөрөх боломжтой гэж Эдийн засгийн зөвлөл үзэж байна.

Тэрчлэн төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах асуудлыг ч хөндлөө. Онцолбол Монголбанкны хуримтлагдсан долоон их наяд төгрөгийн алдагдал, түүний дотор төсвийн шинжтэй хөтөлбөрүүдтэй холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой бодлого шаардлагатай гэлээ.

ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2027 оны төсвийн төслийн орлого, зарлагын тооцоо, болзошгүй өр төлбөр болон дагалдах хуулиудад тусгасан өөрчлөлтийн үр дагаврыг УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр ил тод, дэлгэрэнгүй танилцуулж, төсвийн шийдвэрийг дунд хугацааны тогтвортой байдалд үзүүлэх нөлөө, иргэдэд өгөх үр өгөөжид нь тулгуурлан үнэлэх нь зүйтэйг тэмдэглэв.