УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн маргаан эцэслэн шийдэгдэв (2005.09.27)
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн сонгогчид бүтэн нэг жил, гурван сарын дараа УИХ-д өөрийн төлөөлөлтэй болж байна. Учир нь тус тойрогт гарсан маргааныг хянасан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гаргасан гомдлын талаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Б.Ганбат өчигдөр эцсийн шийдвэрийг гаргасан байна. Улсын Дээд шүүхийн Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч уг хэргийг Улсын Дээд шүүхийн хуралдаанд хэлэлцүүлэх хуульзүйн үндэслэлгүй гэж үзжээ. Тэрчлэн Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрт “Сонгуулийн ерөнхий хороо нь шүүхийн шийдвэрүүдийг холбогдох хуулийн заалтын дагуу биелүүлэх учиртай” хэмээн дурдсан байна. Ингэснээр өмнө нь дөрвөн удаагийн шүүхийн хуралдаанд ялалт байгуулсан, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа юм. З.Энхболд 2005 оны 10 дугаар сарын 3-нд эхлэх УИХ-ын намрын чуулганы нээлт дээр тангараг өргөх ажээ.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрт дурдснаар “Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлеөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд "УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсгийн хороонд 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр явагдсан санал авалт нь 22.00 цагаас хойш үргэлжилсэн, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх ёсгүй хүмүүсийн саналыг авсан, хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг дутуу гаргасан "саналын хуудас дууссан" гэдэг шалтгаанаар зарим сонгогчийн саналыг аваагүй тухай сонгогч, нэр дэвшигчээс гаргасан гомдол нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд батлагдаагүйн гадна зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад гарсан зарим зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн буюу нэр дэвшигчдийн авсан саналынх нь тоогоор жагсаасан дарааллыг өөрчлөхөд хүргээгүй байна. Шүүх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл, хэсгийн заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй" гэсэн үндэслэлүүдээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2005 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлгүй байна.