Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2026 оны 9 дүгээр сарын 23–24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
Хуралд Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Африкийн 20 орны сонгууль зохион байгуулах байгууллага, авлигатай тэмцэх болон хяналтын байгууллага, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцов. Тодруулбал Албани, Армени, Австрали, Бангладеш, Бутан, Гана, Энэтхэг, Индонез, Киргиз, Мальдив, Молдав, Монгол, Монтенегро, Балба, Норвег, Пакистан, Филиппин, Сенегал, Өмнөд Африк, Шри Ланка улсын төлөөлөл нэгэн дээвэр дор чууллаа.

Түүнчлэн UNODC, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар (OSCE/ODIHR), International IDEA, IFES, Транспэрэнси Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл, Ардчиллын төлөөх Вестминстер сан, Томсон сан болон Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ (ANFREL) зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Монголын талаас Улсын Их Хурлын Тамгын газар, яамд, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий газар, улс төрийн намууд, их сургуулиуд, судалгааны хүрээлэн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцлоо.
Оролцогчид эдгээр өдөр улс төрийн санхүүжилтэд тавих хяналтын тогтолцоо, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээллийг нягтлан шалгах болон хууль хэрэгжүүлэхэд ашиглах цахим хэрэгсэл, ил тод байдлын шинэчлэлийн үр нөлөөг хэмжих арга замын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн санхүүжилтийн эх үүсвэрийг нуун далдлах, гуравдагч этгээдээр дамжуулан санхүүжүүлэх, төрийн нөөцийг зүй бусаар ашиглах зэрэг эрсдэл болон 11/7 дугаар тогтоолыг улс орнуудын практикт хэрэгжүүлэх асуудлыг авч үзэв.
Уулзалтын үр дүнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталсан бөгөөд уг мэдэгдэлд ил тод байдал, хариуцлага, хууль тогтоомжийн үр дүнтэй хэрэгжилт, улс төрийн намуудын шударга байдал ба тэгш боломж, өрсөлдөөний тэгш нөхцөл ба төрийн төвийг сахих зарчим, хамтын ажиллагаа ба хүртээмжтэй оролцооны нийтлэг зарчмуудыг тусгасан байна. Мөн цахим улс төрийн сурталчилгаа, төлбөртэй нөлөөлөгчид, крипто хөрөнгө, хиймэл оюун ухаантай холбоотой шинээр үүсэж буй эрсдэлд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
Оролцогчид уг мэдэгдлийг 11/7 дугаар тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах баримт бичиг болгон баталж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод оролцогч талуудын бага хуралд хүргүүлэхээр тогтлоо.


