Ийм мэдээллээр өчигдрийн өдөр тутмын сонинууд дүүрэн байлаа. Өнгөрсөн ням гаригийн үдээс хойш Улсын драмын эрдмийн театрын байранд "Эх орон-Ардчилал" эвслийн удирдах дээд байгууллагын дөрөвдүгээр хуралдаан болжээ. “Ардын эрх” сонинд /¹19, 2004-12-27/ мэдээлснээс үзэхэд эвслийг бүрдүүлэгч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Эх орон-МАШСН-ын Бага чуулганы төлөөлөгч 400 хүн оролцдог тус байгууллагын хуралдаан энэ онд болохоор төлөвлөгөөгүй байсан ч сүүлийн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн өнгөрөгч баасан гаригийн орой гэнэт зарлагдсан аж. Төлөөлөгчдийн 50 хувь ирвэл ирц гүйцдэг ёсоор нийт 225 хүн цугларсан тоо гарч хуралдаан болжээ гэж тус сонин мэдээлсэн байна. Хуралдааныг Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар, Ардчилсан намын дэд дарга Л Гүндалай (өчигдөр түүнийг ийн нэрлэж байсан аж), Ардчилсан намын нарийн бичгийн дарга М.Тунгалаг нар удирдан явуулсан байна. Ардчилсан намын дарга М.Энхсайхан (тэрбээр мөн ийм нэрээр хуралд оролцлоо) хуралдаан төгсгөл рүүгээ орж байхад хүрэлцэн ирсэн аж.
Саяхан Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулан намын удирдлагыг сольсныг "Ордны хуйвалдаан" гэж Эх орон –МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нэрлэсэн бололтой. Харин Л.Гүндалай "Би өөрийгөө Ардчилсан намын дэд дарга эсэхэд эргэлзэж байна. Дарга бидний эзгүйд 120-иод хүн хуралдаж шийдвэр гаргасан. Манай нам хагараад МАХН-ын олз болоод сууж байна. М.Энхсайхан бид хоёр Ардчилсан намыг тэргүүлж байхдаа ялалтад хүргэсэн. Улс төрийн нэг хүчин нөгөөтэйгөө нэг зоосны хоёр тал болж яваа нь харамсалтай. Янз бүрийн хуйвалдаан, бүлэглэлийг таслан зогсоох нь зүйтэй" гэж тэрбээр мэдэгдсэн байна. УИХ-ын гишүүн С.Отгонбаяр хэлэхдээ, “Эвслийг татан буулгах шийдвэр гаргавал "Эх орон-Ардчилал" эвсэл үгүй болно, зөвшилцлийн субъект, Засгийн газар байхгүй болно. Зөв шийдвэр мэт боловч буруу алхам болно. 2008 оны сонгуульд юу ч үгүй болно. Эвсэл үгүй болсноор Эх орон-МАШСН хохирохгүй. Гурав дахь хүчний байр суурь эзлээд зохион байгуулагдаад явах нь илүү хялбар. Эвсэл дотроо таван фракцаас бүрддэг. Таван тийшээ хараад, эсвэл гурав нь нийлж хоерыгоо нухах байдал үүсээд байна. Эвслийн задрал Ардчилсан намд хүнд, Эх орон-МАШСН- д илүү хялбар тусна” гэж дүгнэсэн аж.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, О.Энхсайхан нар эвслийг тараах хялбар, нэгтгэх хэцүү болохыг тайлбарласан ч танхимд үүссэн уур амьсгалыг өөрчилж чадсангүй. Улмаар санал хураалт болж, түүнд 219 хүн оролцсноос 155 нь эвслийг татан буулгахыг дэмжиж, 51 нь татгалзаж, 13 хүн санал өгөөгүй аж. Эвслийг татан буулгах тухай тогтоолыг 163 хүн буюу төлөөлөгчдийн 74,4 хувь дэмжлээ гэж “АЭ” сонин мэдээлжээ.