НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД
ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) 2016 онд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг нэмэгдүүлэх уриалгыг
гаргасан юм. Энэ ажлын хүрээнд Монгол улсын иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдлын судалгааг хийж үзэхэд иргэдэд өдөр тутам тулгамдаж буй эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрт тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь тодорхой үйлдэл хийхгүй байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэжээ.
Судалгааны дүн болон 21 аймгийн сумд, нийслэлийн дүүрэг хорооны төлөөлөл, иргэдийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2018 он 2 сарын 14-ний өдөр батлаад байна. ННФ тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим санг бий байгуулж, иргэдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Тус цахим мэдээллийн санд иргэдэд нэн шаардлагатай байгаа түгээмэл тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох 35 сэдвээр мэдээлэл бэлтгэн оруулаад байгаа бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болоод байна. Энэхүү хялбаршуулсан хууль зүйн мэдээллийн цахим сан нь Монгол Улсын иргэдэд хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамааран мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах боломж олгож байна.
Монгол Улсын цахим шилжилт, интернэтийн хэрэглээ маш хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хувьд хүртээмж хязгаарлагдмал байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн хөтөч хийх иргэдийг сургаж, бэлтгэн орон нутгийн төвшинд ажиллуулах нь эрх зүйн анхан шатны туслалцааны тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд доод тал нь 650 орчим тооны эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх шаардлагатай бөгөөд сум, суурин газар бүр нэг эрх зүйн хөтөч бэлтгэн ажиллуулахаар зорин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс ННФ нь 2019-2020 онд нийт 9 аймагт эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх ажлыг санхүүжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлэнгэ, Хэнтий аймагт эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж туршихаар техникийн туслалцаа үзүүлж, тус 2 аймгийн 46 суманд эрх зүйн хөтчийн булан нээхэд шаардлагатай 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймагт 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дахь эрх зүйн хөтчийн 5 дахь буланг нээж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү үйл ажиллагааг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, ННФ хамтран зохион байгууллаа. Нээлтэд ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцсон юм.
Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын ЗДТГ-ын байранд МУ-ын хэмжээнд анхны сумын эрх зүйн хөтчийн буланг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээлээ. Нээлтэд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын удирдлагууд болон Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ННФ-ын төлөөллүүд оролцсон юм. Сэлэнгэ, Хэнтий аймгийн бүх сумдад эрх зүйн хөтөч нар ажиллаж эхэлснээр иргэдийн эрх зүйн боловсрол чадавх дээшлэнэ гэж найдаж байна.
Цаашид орон нутгийн төсвөөс энэхүү ажлыг дэмжин, өөрийн нөөцөөр эрх зүйн булангийн тохижилт, эрх зүйн хөтчийн үйл ажиллагаатай холбоотой урсгал зардлыг хариуцан санхүүжүүлэхээр болсон нь тус үйл хэргийн тогтвортой үргэлжлэх чухал нөхцөл болж байна. Түүнчлэн дээрх 2 аймгийн эрх зүйн хөтчийн үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, сайн туршлагыг бусад аймагт нэвтрүүлснээр үндэсний хэмжээнд эрх зүйн хөтчийн тогтолцоо хэрэгжих боломж бүрэлдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго тавьсан. Энэхүү зорилгын хүрээнд бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээний бүх шатны байгууллагын оролцооноос гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй оролцоо нэн чухал юм. ННФ нь эрх зүйн хөтчийн төрийн тогтолцооноос гадна тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж, туслалцаа үзүүлэх ТББ-ын эрх зүйн хөтчийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.