Нээлттэй нийгэм форум 2026 оны есдүгээр сарын 22-нд “Хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляцыг сөрөх үйл ажиллагаа, чадавх” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монголын баримт нягтлагч, судлаачид мэдээллийн орчинд тулгарч буй асуудлаа танилцуулж, Молдав болон бусад орны туршлагад тулгуурлан ирэх 2027, 2028 оны сонгуулийн өмнө хамтран хэрэгжүүлж болох ажлын талаар ярилцав. Хэлэлцүүлгийг нээж Нээлттэй нийгэм форумын Иргэний нийгмийн орон зайн хөтөлбөрийн менежер А.Гэрэлмаа хиймэл оюунаар бүтээсэн агуулгыг бодит мэдээллээс ялгахад улам хүндрэлтэй болж буйг онцлон олон нийтийн бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг хамгаалах нь удахгүй болох сонгуулиудын өмнө онцгой ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго ч үүнд оршиж буйг тэмдэглэсэн юм.
"Гадаад, дотоодын эх үүсвэртэй хуурамч мэдээлэл, тэмцэх туршлага" сэдэвт Монголын иргэний нийгмийн салбар хэлэлцүүлэгт Factcheck.mn-ийг үүсгэн байгуулагч Ц.Тамир хуурамч мэдээлэл сонгуулиар эрчимждэг ч сүүлийн үед улс төрийн маргаан, томоохон төсөл болон нийгмийн анхаарал татсан бусад үйл явдлыг даган түгэх болсныг онцлов. Тэрээр Монголд ажиглагдаж буй санаатай төөрөгдүүлэх мэдээллийг улс төр, бизнесийн ашиг сонирхолтой, арилжааны зорилготой, гаднын нөлөөлөлтэй гэж ерөнхийлөн авч үзэж болохыг тайлбарлалаа. Гаднын өгүүлэмж Монголын дотоод асуудалд тулгуурласан, дотоодоос түгээж буй мэт хэлбэрээр хүрч болох тул зөвхөн мэдээллийн агуулгыг бус, түгээх сүлжээг нь судлах шаардлагатай гэв.
Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг нэг мэдээллийн үнэн эсэхийг шалгахаас гадна хэн, хэзээ, ямар сувгаар, ямар зорилгоор түгээж буйг судлахад төвийнхөө ажлыг чиглүүлж буйг танилцууллаа. Түүний хэлснээр цахим залилан болон эрүүл мэндийн талаарх төөрөгдүүлсэн мэдээлэл өндөр хандалт авч байна. Мөн гадаад хэлээр түгсэн агуулгыг орчуулан Монголын мэдээллийн орчинд оруулах, ижил төстэй өгүүлэмжийг давтан түгээх тохиолдлууд ч ажиглагдаж буйг дурдав. Иймээс баримт шалгалтыг түгээлтийн хэв маяг, боломжит нөлөөллийн талаарх судалгаатай холбох нь чухал гэсэн юм.
Мөн МУИС-ийн багш, социологич Ч.Тамир хуурамч мэдээлэл тархахад баталгаатай мэдээллийг цаг тухайд нь, ойлгомжтой хэлбэрээр авах боломж хязгаарлагдмал байгаа нь нөлөөлж буйг хөндлөө. Тэрээр мэргэжлийн редакцуудын санхүүгийн эмзэг байдал, төрийн мэдээлэл харилцааны сул тал, нийгмийн сүлжээний алгоритм зэрэг хүчин зүйлийг хамтад нь авч үзэх шаардлагатай гэв. Түүний үзэж буйгаар нэг бүрчлэн худал мэдээллийг няцаах ажил хэрэгтэй хэвээр боловч мэдээлэл үүсэж, олноор түгэх шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэхэд илүү анхаарах ёстойг онцоллоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид баталгаатай эх сурвалж, хараат бус редакцуудын мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, баримт нягтлагчид болон судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хиймэл оюунаар бүтээсэн төөрөгдүүлэх агуулгад хариулах чадавхаа хөгжүүлэх талаар санал солилцов. Үүний зэрэгцээ хуурамч мэдээллийг сөрөх аливаа арга хэмжээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах шаардлагатайг хөндсөн юм.
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэх бусдын туршлагаас суралцах нь” сэдэвт олон улсын салбар хэлэлцүүлэгт Молдавын Промо-Лекс холбооны төлөөлөл Николай Панфил 2025 оны парламентын сонгуулийн үеэр хийсэн ажиглалтаасаа хуваалцлаа. Түүний танилцуулснаар тус холбоо TikTok дахь хуурамч 550 гаруй хаягийн сүлжээг илрүүлсэн бөгөөд эдгээр хаяг хоёр, гурав хоногийн дотор хиймэл оюун ашиглан 2700 орчим бичлэг нийтэлж, нийт 1.4 сая орчим үзэлт авчээ. Тэд энэхүү ажигласан мэдээллээ нэгтгэн цагдаа болон Сонгуулийн төв комисстоо хүргүүлсэн байна. Улмаар холбогдох байгууллагууд стратегийн харилцааны төвөөрөө дамжуулан TikTok-той холбогдож, уг сүлжээг хаалгуулсан гэж ярив. Мөн түүний хэлснээр сонгуулийн ажиглагчдын үүрэг санал хураалтын өдрөөр хязгаарлагдахгүй болжээ. Цахим орчинд олон нийтийн санаа бодлыг зохиомлоор харагдуулах, сонгуулийн байгууллага болон сонгуулийн үр дүнд итгэх итгэлийг сулруулах оролдлогыг ажиглаж, баримтжуулах шаардлагатай болсон гэв. Промо-Лекс-ийн хувьд хараат бус, бодит баримтад тулгуурласан ажиглалтаа тууштай үргэлжлүүлж, сонгууль бүрийн дараа иргэний нийгмийн бусад байгууллага болон сонгуулийн байгууллагатай хамтран туршлагаа хэлэлцдэг нь үр дүнтэй болохыг онцоллоо.
Сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн төлөөлөл Челси Дреер хуурамч мэдээллийн эсрэг сөрөх ажлыг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө төлөвлөх хэрэгтэйг онцоллоо. Тухайн орны нийгмийн эмзэг сэдэв, иргэдийн ашигладаг платформ, мэдээлэл түгээх хэв маягийг судалснаар болзошгүй эрсдэлд бэлтгэх боломжтойг гэсэн юм. Мөн сонгуулийн ажиглагчид, сэтгүүлчид, баримт нягтлагчид болон иргэний нийгмийн байгууллагууд хуурамч мэдээллийн довтолгоо гарвал хэрхэн хамтран хариу арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөх хэрэгтэйг онцоллоо. Түүний хэлснээр 2027 оны сонгуулийн дараа ажиглалтдаа дүгнэлт хийж, 2028 оны сонгуулийн бэлтгэлд тусгах нь үр дүнтэй гэв.
Томсон сангийн төлөөлөл Антон Артемьев хуурамч мэдээллийг таньж, няцаах ур чадвартай зэрэгцүүлэн хэвлэл мэдээллийн байгууллагын тогтвортой ажиллах нөхцөлийг бэхжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрээр редакцууд цахим аюулгүй байдал болон үзэгчдийнхээ мэдээлэл авах дадалд судалгаа хийхийн зэрэгцээ шинэ технологийг хариуцлагатай ашиглах ур чадварт анхаарах ёстойг тэмдэглэлээ. Мэдээллийг урьдчилан ойлгомжтой хүргэж, олон нийтийн итгэлийг хадгалах нь хуурамч өгүүлэмж тархсаны дараа хариу арга хэмжээ авахаас дутахгүй чухал гэв.
Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт оролцогчид хуурамч мэдээллийг сөрөхөд Монголд тулгамдаж буй асуудал, хамтран ажиллах боломж болон хэрэгжүүлж болох саналуудаа багийн ажлаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт гадаад, дотоодын байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож мэдээллийн орчинд тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага болон 2027, 2028 оны сонгуулийн өмнө хамтран хэрэгжүүлж болох ажлын талаар санал солилцов.


