Олборлох салбарын засаглал дахь иргэд, иргэний нийгмийн оролцоог хэлэлцлээ

A- A A+
Олборлох салбарын засаглал дахь иргэд, иргэний нийгмийн оролцоог хэлэлцлээ

“Төлсөн авснаа нийтэл” эвсэл Mongolian Mining Week & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Уул уурхайн салбар дахь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр олборлох салбарын засаглалд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог баталгаажуулах эрх зүй, бодлогын орчин, хэрэгжилтэд тулгарч буй асуудал, цаашид анхаарах чиглэлийн талаар мэдээлэл солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “ОҮИТБС-ын 2023 оны стандартын шаардлага: Иргэний нийгмийн протокол” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга буюу ОҮИТБС нь стандартынхаа 1.3 дахь шаардлагаар иргэний нийгмийн оролцоог баталгаажуулж, хэрэгжилтийг Иргэний нийгмийн протоколын дагуу үнэлдгийг танилцуулав. Иргэний нийгмийн оролцоо нь зөвхөн хурал, хэлэлцүүлэгт сууснаар хязгаарлагдахгүй бөгөөд аливаа шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх бүх шатанд бодитоор оролцох учиртайг илтгэлд онцлов. Мөн иргэний нийгмийн байр суурийг шийдвэр, хурлын тэмдэглэлд тусгахын зэрэгцээ ОҮИТБС-ын мэдээлэл, үр дүнг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж, уг мэдээлэлд тулгуурласан дүн шинжилгээ, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Монгол Улсын 2022 оны ОҮИТБС-ын баталгаажуулалтаар иргэний нийгмийн оролцоог бүрэн хангасан гэж үнэлсэн ч нийтийн эрх ашгийг хамгаалсан нэхэмжлэлд саад учирдаг, ОҮИТБС-аас гаднах бодлого, засаглалын шийдвэрт иргэний нийгмийн оролцох боломж дутмаг, иргэний орон зайг хязгаарлаж болзошгүй хуулийн төслүүд гарч байгаа зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг дурдлаа.

Транспаренси Интернэшнл Монгол байгууллагын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр “Олборлох салбарын засаглал дахь иргэний нийгмийн оролцооны нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, 2024–2026 онд хийсэн үндэсний болон олон улсын үнэлгээ, судалгааны үр дүнг танилцуулав. Баялгийн засаглалын үзүүлэлтээр Монгол Улсын уул уурхайн засаглалын ерөнхий орчин 70 оноотой буюу “хангалттай” үнэлэгдсэн боловч иргэдэд хамгийн ойр түвшин болох орон нутгийн нөлөөллийн засаглал 53 оноо авчээ. Мөн хууль тогтоомж болон бодит хэрэгжилтийн хооронд 16 онооны зөрүү байгаа нь мэдээллийг цаг тухайд нь ил тод болгох, иргэдийн саналыг шийдвэрт бодитоор тусгах шаардлагатайг харуулж байна.

Монгол Улсад уул уурхайн засаглалд иргэний нийгэм оролцох эрх зүйн үндэс бүрдсэн ч “оролцсон” байх нь “нөлөөлсөн” гэсэн үг биш байгааг илтгэгч онцоллоо. Хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсан ч иргэд, иргэний нийгмийн байгууллагын санал эцсийн шийдвэрт хэрхэн туссаныг эргэн мэдээлэх механизм сул хэвээр байна. Мөн иргэдийг бодлого, төсөл боловсруулах эхний шатанд бус, шийдвэр гарсны дараах хяналт, зөрчил маргааны үед оролцуулах нь орон нутагт үл ойлголцол, бухимдал үүсгэж байгааг дурдав.

Орон нутгийн төсөв болон уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хандив, тусламжийн зарцуулалт хангалттай ил тод бус байна. Мэдээллийн хомс байдал нь иргэд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын дүн шинжилгээ хийх, хяналт тавих, хариуцлага нэхэх боломжийг хязгаарлаж байгаа тул иргэний нийгмийн оролцоог олборлох салбарын засаглалын тогтолцоонд бүрэн тусгах шаардлагатайг илтгэлд онцолсон юм. 

Илтгэлүүдийн дараа “20 жилийн хамтын ажиллагааны сургамж ба ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, уул уурхайн салбар, ОҮИТБС болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны үр дүн, тулгамдсан асуудал, цаашдын оролцооны талаар байр сууриа солилцлоо. Оролцогчид иргэд, иргэний нийгмийн байгууллагыг бодлого, төсөл боловсруулах эхний шатнаас оролцуулж, өгсөн санал нь эцсийн шийдвэрт хэрхэн туссаныг эргэн мэдээлдэг тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн “Төлсөн авснаа нийтэл” эвслийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн, эвслийн үүсэл хөгжил, хамтын ажиллагаа болон хэрэгжүүлсэн ажлыг харуулсан түүхэн видеог оролцогчдод үзүүллээ. 

Есдүгээр сарын 18-ны өдөр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон “Төлсөн авснаа нийтэл” эвсэл Mongolian Mining Week & MinePro 2026 үзэсгэлэнд оролцож, олборлох салбарын ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаа олон нийтэд танилцууллаа. Түүнчлэн ТАН эвслийн 20 жилийн ойд зориулж, салбарын төлөөллүүдтэй хийсэн ярилцлагыг дараах холбоосоор үзэх боломжтой. 

https://www.facebook.com/OpenSocietyForum/reels/

“Төлсөн авснаа нийтэл” эвсэл нь олборлох салбарын мэдээллийг ил тод болгох, байгалийн баялгийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр болон компаниудаас хариуцлага нэхэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг 20 жилийн турш өргөжүүлэн ажиллаж байна.