Хүний эрхийн өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан доор тэмдэглэлээ
Монголын Хүний Эрхийн Форум (ХЭФ) Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран Хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан доор тэмдэглэлээ. Нээлттэй Нийгэм Форум нь ХЭФ-ын гишүүн байгууллага бөгөөд энэ жилийн хүний эрхийн өдрийг тэмдэглэхэд зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь “Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс” болохыг тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх түүхэн чухал баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталснаас хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн өдөр” хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
ХЭФ нь 5 жилийн өмнөөс Сүхбаатарын талбайд эрхийнхээ төлөө тайван жагсаж энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил НҮБ-ын хүний эрхийн үндсэн баримт бичигт тооцогддог Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактыг Монгол Улс соёрхон баталсны 45 жилийн ойг тохиолдуулан илүү өргөн хүрээнд тэмдэглэхийг зорилоо. Үүний тулд 21 аймагт хандан эрхийнхээ төлөө нэгдэхийг уриалахын зэрэгцээ 12 сарын 9 буюу Хүний эрхийн хамгаалагчийн өдрөөр “Бидний эрх-Хүний эрх” сэдэвт мэдээллийн зах зохион байгуулж, ХЭФ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Та бүхэн ХЭФ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тайлангийн бүрэн эх эсхүл хураангуй мэдээллийн хуудсыг https://www.upr-mongolia.mn/
Түүнчлэн уриалгыг дэмжиж Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс зэрэг 15 аймгийн ХЭҮК-ын ажилтан төр, төрийн бус байгууллагатайгаа хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан доор хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулах, радио, телевизийн нэвтрүүлэг цацах, албан байгууллагууд дээр өдөрлөг зохион байгуулж ажиллалаа.
Хүний эрхийн олон улсын өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, жүжгийн хэсгээс тоглуулах, хүний эрхийн хамгаалагчдын түүхийг сонсох, хүний эрхийн сэдэвт богино видеог танилцуулахын зэрэгцээ үүдний танхимд төрөл бүрийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг олгож, гадаа талбайд хүний эрхийн үзэсгэлэн зохион байгууллаа. “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, НҮБ-ын суурин төлөөлөгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, зохион байгуулагчдыг төлөөлж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭФ-аас Глоб интернэшнл төв ТББ-ын Тэргүүн Х.Наранжаргал нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлсэн үгэндээ “Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана” гэдгээ илэрхийлснийг оролцогчид талархан хүлээн авсан юм. Өдөрлөгийн турш дохионы хэлмэрч ажилласан нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой байлаа. Тус өдөрлөг 3 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-р сувгаар цацагдсан тул Та бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл https://www.facebook.com/MNBnationalTV/videos/553210818571427/ линкээр орж үзнэ үү.
Өдөрлөгийн үеэр байгаль хамгаалагч, малчин, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, бизнес эрхлэгч зэрэг төрөл бүрийн ажил мэргэжил, нас насны төлөөлөл болсон 5 хүний эрхийн хамгаалагч өөрсдийн түүхийг хуваалцлаа. Тэдний түүх хүн бүрт эрхийнхээ төлөө тэмцэх үүргийг сануулж, тэмцэх урам зоригийг бадраасан билээ. Та түүхтэй нь танилцахыг хүсвэл https://www.youtube.com/channel/UC_fckRe2G-vrN-DVOAgeMyQ/videos?view_as=subscriber орно уу.
Мөн Нээлттэй Нийгэм Форумаас хүний эрхийн сэдвээр бэлтгэсэн “Би эрүүдэн шүүхийн эсрэг”, “Явган зорчигчийн эрх зөрчигдсөөр”, “Орхигдогсод ба төрийн бодлого” сэдэвт богино видеог ирсэн зочдод үзүүллээ. Мөн Та эдгээр видеог үзэхийг хүсвэл http://www.forum.mn/index.
Өдөрлөгийн бас нэг онцлог хэсэг бол хүний эрхийн салбар хэлэлцүүлэг байсан бөгөөд зочдоор МУГЗ, найруулагч Б.Мөнхдорж, Дундговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, “Ид шидийн орон” төслийн зохицуулагч У.Ганбаяр, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Оюу толгой хяналт ТББ-ын Тэргүүн Д.Сүхгэрэл нар уригдан оролцсон билээ. Тус хэлэлцүүлгийг ННФ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хөтлөн явуулсан бөгөөд төр, төрийн бус байгууллага, урлаг, бизнесийн салбарт ажиллаж буй төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн хүний эрхийг хөхиүлэх, хангах, хамгаалахад оруулж буй хувь нэмрийг харуулснаараа тус хэлэлцүүлэг ач холбогдолтой байлаа.
Мөн өдөрлөгийн үеэр ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон хөдөлмөрлөх, орон байраар хангагдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрхэн эдлэх тухай хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүллээ. Үүний зэрэгцээ хүний эрхийн төлөө үгээ хэлэх “ЧӨЛӨӨТ ИНДЭР”, эв нэгдлээ илэрхийлэх “Селфи” булангууд ажилласан нь олон хүнд өөрийн байр суурийг идэвхтэй илэрхийлэх боломжийг олголоо. УДБЭТ-ын гадна талбайд уламжлал ёсоор хүний эрхийн зурагт үзэсгэлэнг танилцууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг тоон хэлээр харуулбал:
- Өдөрлөгт нийт 430 орчим хүн оролцжээ.
- Давхардсан тоогоор найман байгууллагын 30 хуульч 360 орчим хууль зүйн зөвлөгөө өгчээ.
- Тус өдөрлөгийг зохион байгуулахад 40 сайн дурын ажилтан ажиллалаа.
- Хэвлэл мэдээллийн 14 байгууллага мэдээ, мэдээлэл дамжуулжээ.
- ХЭФ-ын фэйсбүүк фэйж хуудсыг 10-р сарын 28-нд нээж, 92 мэдээ, мэдээллийг түгээж, нийт 175,678 хүнд хүрч, 1,105 лайк цуглуулж, 1,150 дагагчтай болжээ.
- “Бид хүний эрхийг хамгаалагчид” сэдвийн доор 42 хүний түүхийг цахимаар хуваалцлаа.
- “Чөлөөт индэр”-т нийт 15 хүн үзэл бодлоо илэрхийлжээ.
- Зургийн үзэсгэлэнг 120 орчим хүн үзэж сонирхжээ.
- МҮОНТ-ийн шууд бичлэгийг 9800 хүн цахимаар үзжээ.
- Нийт 15 аймагт болсон үйл ажиллагаанд нийт 500 орчим хүн оролцжээ.
- Нийтийн тээврийн 1000 орчим автобусанд өдөрлөгийн танилцуулга хуудсыг байршууллаа.