ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагуудад хууль сахиулах үйл ажиллагаанд мониторинг хийхэд нь дэмжлэг үзүүлэх, тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ хийх, холбогдох төрийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх зэргээр ажиллаж байна. Цаашид эрүүгийн хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилт, дагаж гарсан дүрэм журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн эсэхийг судлах, шинэ тутам тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж дор дурдсан сэдвийн хүрээнд судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна.
- Эрүүгийн эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа, зохицуулалтын төрлүүд, давуу, сул талыг харьцуулсан судалгаа
- Эрүүгийн хуулийн “шударга ёсны зарчим” хэрхэн хэрэгжиж байгааг тодорхой гэмт хэргийн жишээн дээр судалж, дүгнэх
- “Үзэн ядах”, “ялгаварлан гадуурхах”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зэрэг шинэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэл оногдуулж буй байдал
- Тэнсэх институци, хэрэгжилт
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах хүний эрхийн хамгаалалт
- Халдашгүй байх эрхэнд халдах зөвшөөрлийн тогтолцоо
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд туссан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэх
- Нотолгооны өнөөгийн практик, арга зүй, техник хэрэгсэл, анхаарах асуудал
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р бүлгийн хэрэгжилт
- Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Насанд хүрээгүй хүмүүсийг шүүн таслах ажиллагаа
- Шинэ эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт сумын түвшинд
- Гэмт хэргийн статистикийн олон улсын ангиллыг үндэсний статистиктай нийцүүлэх боломж
- Төрийн албан хаагчаас үйлдэж буй гэмт хэрэг, түүний үр дагавар
- Зөрчлийн хэргийн харьяаллын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлаач нь эрх зүй, хууль сахиулах салбарын чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх
- Тухайн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх
Жич: Судалгааны сэдэв, цар хүрээнээс хамаарч судлаач бие даан эсхүл судалгааны багаар гүйцэтгэж болно.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг www.forum.mn хаягаар зар луу орж “судалгааны төслийн маягт” цэсийг дарж авна уу.
Судалгааны төслийн баримт бичгийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны Даваа гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.