2019 оны 11 сарын 14-д батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон хэсэг нь шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн гурван заалт бөгөөд энэ хүрээнд шүүхийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт орох юм. 2020 оны 1 сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Шүүхийн тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалын хамт нийтлэгдэж олон нийтийн саналыг авч эхлээд байна. Нээлттэй Нийгэм Форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэхүү чухал бодлогын баримт бичигт ул суурьтай, судалгаанд суурилсан санал шүүмж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ зорилгоор шүүх эрх мэдлийн хүрээнд бодлогын судалгаа хийж байсан туршлагатай хуульч, судлаачдын төлөөлөлтэй зөвлөлдөж, холбогдох харьцуулсан судалгаа, дүн шинжилгээний дүнд үндэслэн энэхүү хуулийн шүүмжийг боловсруулан гаргалаа. Шүүхийн тухай хуулийн төсөл нь одоогийн үйлчилж буй Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн иргэний төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн багтааж боловсруулагдсан тул өргөн хүрээний агуулгыг хамарсан болно. Иймээс энэхүү хуулийн шүүмжийг Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Шүүгчийн сонгон шалгаруулалт томилгоо, Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн тодорхой сэдвийн хүрээнд цувралаар гаргаж бодлого боловсруулагчдын анхааралд хүргэхийг зорилоо..