ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

A- A A+
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдал, хариуцлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөлөл болон төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах асуудлаар хамтран ажиллах сонирхолтой төрийн бус байгууллага, хуульчид, өмгөөллийн нөхөрлөлүүд, бусад сонирхогч талуудыг төслийн санал ирүүлэхийг урьж байна.

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулиуд буюу 2011 онд батлагдсан Мэдээллийн тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хуулиуд, мөн  нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг эрх зүйн орчинд шинэ тутам бий болсон боломжийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэмжих юм.  

Нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд: Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, хүний эрх, хүрээлэн буй орчин,  нийтийн эрүүл мэндийг хамгаалах, төсөв, нийтийн өмч хөрөнгө, тэдгээрийн ашиглалт зарцуулалтад хуулийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгахад хувь нэмэр оруулах төслүүдийг дэмжих болно.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөлд дараах мэдээллийг багтаана: 

  • Байгууллагын товч танилцуулга, тэтгэлэгт  хөтөлбөрт оролцох болсон шалтгаан, нийтийн ашиг сонирхлын өмгөөлөл хийхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага;
  • Төслийн санал (Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийн маягтыг эндээс татаж авна уу).

Төрийн бус байгууллагын хувьд дээрхээс гадна үүсгэн байгуулагдсан эсхүл дүрмийн зорилгод өөрчлөлт оруулсан огноо, дүрмийн зорилго нь сонгон авсан нийтийн ашиг сонирхлын асуудалтай хэрхэн холбогдох талаар тодорхой тайлбарласан байна.

Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад чиглэсэн хуулиудын хэрэгжилтийг дэмжих чиглэлд: Дээр дурдсан хуулиуд болон авлига, сонирхлын зөрчлийг зохицуулахад чиглэсэн болон бусад холбогдох хуулиудын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, холбогдох төрийн байгууллагатай хамтарч ажиллах нөлөөллийн болон мониторингийн төслүүдийг дэмжих болно.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөлд дараах мэдээллийг багтаана: 

  • Төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ. Маягтыг  эндээс татаж авна уу)
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар буюу бусад адилтгах баримт бичиг
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан, ажиллах асуудалтай холбоотой хэвлэн нийтэлж байсан судалгааны тайлан бусад холбогдох материал

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.   Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мэдээлэл өгөх хэлэлцүүлэг: Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2020 оны 4 дугаар сарын 17-ны Баасан гарагт 15.00 цагаас ННФ-ын  @OpenSocietyForum фейсбүүк хуудсаар явагдах LIVE хэлэлцүүлэгт холбогдож авах боломжтой. Өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.