Орон нутгийн төрийн бус байгууллагуудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь төсөв, төрийн өмч хөрөнгө, байгалийн баялаг зэрэг нийтийн өмчийн ашиглалт, зарцуулалтад ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Энэ хүрээнд улс, орон нутгийн төсвийн зарцуулалтын хариуцлагыг сайжруулах, уул уурхай, газрын тосны салбарт орон нутагт байгуулагддаг гэрээний хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхол бүхий орон нутгийн төрийн бус байгууллагуудыг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төсвийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр:
- Ил болсон төсвийн мэдээллийг нийтэд хүргэх (Шилэн дансны зарлага, худалдан авалтын мэдээлэл, тэдгээрт болон орон нутгийн төсөвт бүтцийн шинжилгээ хийсэн дүгнэлт),
- Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран төсвийн сонсгол зохион байгуулах, иргэдийг мэдээлэлтэйгээр өргөнөөр оролцуулах,
- Төсвийн худалдан авалт, тодорхой сангуудын зарцуулалтад мониторинг хийх,
- Нутгийн иргэдтэй хамтран төсвийн хариуцлага нэхэх, нөлөөллийн ажил хийх .
Олборлох салбарт орон нутагт байгуулагддаг гэрээнүүдийн хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр:
- Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд мониторинг хийх,
- Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасны дагуу байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд мониторинг хийх,
- Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээний хэрэгжилтэд мониторинг хийх,
- Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээнд мониторинг хийх
Жич:Гэрээг Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан (www.iltodgeree.mn) болон бусад эх сурвалжаас татан авч болох ба одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл 2018 он буюу түүнээс хойш байгуулагдсан гэрээг сонгон авах шаардлагатайг анхаарна уу.
Бүрдүүлэх баримт бичиг:
Мониторингийн сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хэрэгжүүлэх хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө бүхий өргөдлийн маягт (Өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу);
- Өмнө хэрэгжүүлсэн мониторингийн төслийн жагсаалт;
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга;
- Төслийн багийн гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарь.
Өргөдөл хүлээн авах хэлбэр, хугацаа:
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2020 оны 5-р сарын 22-ний Баасан гараг хүртэл дор дурдсан цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
- Төсвийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээрх төслийн саналыг [email protected] хаягаар,
- Олборлох салбарын гэрээний мониторингийн төслийн саналыг [email protected] хаягаар тус тус ирүүлнэ үү.