СУДЛААЧДЫН АНХААРАЛД
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг өргөн олон нийтэд олгох, бодлогын судалгаа шинжилгээг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах чиглэлээр судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
Улсын төсвийн чиглэлээр:
- 2020 оны батлагдсан төсөв, 2021 оны төсвийн төсөлд тодорхой чиглэлээр дүн шинжилгээ хийх
- Шилэн дансны тухай хууль, журмын үнэлгээ хийх, тэдгээрийг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулах
- Нийгмийн даатгалын сангийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад дүн шинжилгээ хийх (2012-2020 оныг хамруулах), сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаар санал зөвлөмж боловсруулах.
Засаглалын асуудлаар:
- Хувь хүний нууц, нууцтай холбоотой мэдээллийг хамгаалахтай холбогдуулан хувь хүний мэдээлэл цуглуулж, ашиглаж, аюулгүй байдлыг ханган хамгаалж буй өнөөгийн практик болон энэхүү харилцааг зохицуулж буй эрхзүйн орчинг судалж, зөвлөмж боловсруулах
- Ардчилсан төрийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалт, хяналт-тэнцвэрийн зарчмын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх мэдлийн асуудлыг олон улсын туршлагатай харьцуулж судлах
Эрдэс баялгийн салбарын засаглалын асуудлаар:
- Уул уурхайн салбар дахь хяналт шалгалтын тогтолцоо, үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх
- Эрдэс баялгийн салбарын гэрээний тодорхой төрлөөр агуулга, хууль тогтоомжид нийцсэн байдал, авлигын эрсдэлийг үнэлэх дүн шинжилгээ хийх
Жич:Гэрээг www.iltodgeree.mnэрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сангаас авч үзнэ үү.
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно. Тавигдах шаардлага:
- Судлаач /судалгааны баг/ судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх,
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болох ба судалгаа хийхээр сонгосон сэдвээр суурь судалгаа хийсэн байх,
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны төслийн санал (ННФ-ын www.forum.mn цахим хуудсанд байрлуулсан маягт, зааврын дагуу боловсруулна)
- Хуулийн этгээд бол байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
- Багийн гишүүдийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварын мэдээлэл
- Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт, холбоос (шаардлагатай тохиолдолд хэвлэмэл хувийг авна)
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2020 оны 5 сарын 16-ны 23.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.