Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй эрх зүйн хөтчийн үйл ажиллагаатай танилцлаа
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) 2016 онд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг нэмэгдүүлэх уриалгыг гаргасан юм. Иргэдийн хэрэгцээ шаардлагыг тандах судалгаагаар ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд иргэдэд хамгийн их тулгамдаж буй, эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүд болохыг тодорхойлсон юм. Тэрчлэн, эдгээр болон бусад тулгамдаж буй бэрхшээлээ шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь тодорхой үйлдэл хийдэггүй, үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэж хариулсан байдаг.
Дээрх судалгааны үр дүн болон 21 аймгийн 330 сумд, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын дүнд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2018 он 2 сарын 14-ний өдөр баталсан юм. ННФ тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхттэй оролцож, эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим платформыг бүтээх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн контентоор баяжуулах ажлыг дэмжин ажиллаж ирлээ. Энэ хүрээнд Хэнтий, Сэлэнгэ аймагт эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн хэмжээнд нэвтрүүлэн, загвар аймаг болгоход дэмжлэг үзүүлж, нийт 46 сум, тосгонд эрх зүйн хөтчийн булан нээж ажиллуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэн, 100 сая төгрөгийн санхүүжилт олгосон юм. Ингэснээр орон нутгийн иргэдэд эрх зүйн анхан шатны туслалцаа авахаар заавал аймгийн төв зорьж, цаг хугацаа алдаж, зардал гаргалгүй оршин суугаа газрынхаа бэлтгэгдсэн эрх зүйн хөтөч нарт хандах, мөн хөтчийн булан дахь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.e-khutuch.mn –ээс түргэн шуурхай хугацаанд хайсан мэдээллээ олж авах боломж бүрдээд байгаа юм. Энэхүү ажлын хэрэгжилт, үр дүнтэй танилцан, хөтөлбөрийн явцыг үнэлэхээр ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, төслийн зөвлөх Х.Номингэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрх зүйн хөтөч төслийн ажилтан Г.Идэрсайхан нар 8 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн зарим сум, тосгонд ажиллаж, эрх зүйн хөтчийн сургалтад сууж бэлтгэгдсэн хөтөч нар болон, орон нутгийн иргэд, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгон, араараа уулсаар, баруун өмнө хэсгээрээ төмөр замаар хүрээлэгдсэн учир газар нутгийн хэмжээ бага. Эндхийн оршин суугчдад бэлчээрийн газар өмчлөхтэй холбоотой асуудал хамгийн ихээр тулгардаг байна. Өмнө нь асуудлаа шийдвэрлүүлэхээр сумын төв рүү 30 гаруй км явж очдог байсан бол энэ жилээс тосгондоо эрх зүйн хөтөч нартай болсноор цаг алдалгүй хууль зүйн зөвлөгөө, тусламж авдаг болжээ. Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Ерөө сумдын хувьд манай улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн гол бүс нутагт ордог. Ногоочдод тарьж ургуулсан хүнсний ногоогоо худалдан борлуулахтай холбоотой асуудал тулгардаг бол малчид газар тариалангийн томоохон компаниуд бэлчээрийн талбайг нь шахаж буй талаар ярьж байлаа. Бэлчээрийн газрын хомсдол үүсэхэд баруун аймгуудаас шилжин суурьшихаар нүүж очсон малтай иргэдийн бэлчээрийн газар өмчлөх хүсэлт нөлөө үзүүлж байна. Иргэдийн чөлөөтэй зорчих, шилжин суурьших эрх болон бүс нутгийн хөгжлийн бодлого хоорондын зөрчлийг Сэлэнгэ аймгийн тохиолдолд тод харж болохоор байна.
Орон нутагт нь эрх зүйн хөтчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан иргэд хууль зүйн анхан шатны мэдээлэл, үйлчилгээ авч, үр дүнг нь мэдэрсэн тухайгаа ярьж байлаа. Гэвч цар тахалтай холбоотой хорио цээрийн улмаас иргэдэд эрх зүйн хөтчийн талаар танилцуулж, сурталчлах ажил удааширч байгаа тул олон нийтэд, сумын төвөөс алслагдсан иргэдэд хөтөлбөрийн талаар сайтар сурталчлан таниулах нь чухал байна.
Бид 9 сард Хэнтий аймгийн зарим сумдад ажиллаж иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Эрх зүйн хөтчийн үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, сайн туршлага, сайжруулах боломжийг үнэлснээр тус үйл ажиллагааг үндэсний хэмжээнд буюу бусад аймаг, сумдад түгээхэд чухал ач холбогдолтой юм. ННФ-ын сошиал хуудсыг дагаж бидний бэлтгэсэн цуврал фото, видео мэдээг хүлээн авч, орон нутгийн иргэдийн санал бодолтой танилцаарай.