ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

  

“ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо  

  

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) эрдэс баялгийн салбарт ил тод байдал, хариуцлагыг төлөвшүүлэх стратегийн үндсэн зорилгын хүрээнд эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангахад чиглэсэн тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ирлээ. 2020 онд энэ чиглэлээр хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг баталгаажуулан, хэрэгжилтийг хангахад төвлөрч, энэ хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) гэх мэт төрийн байгууллагуудтай хамтран  ажиллахаар төлөвлөсөн. Энэ дагуу СЗХ-той хамтран “ХУВЬЦААТ КОМПАНИЙН КОМПЛАЙНС, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 9 сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр мэдээллийн ил тод байдал, тэр дундаа эцсийн өмчлөгчийн бүртгэлийг хэрэгжүүлэх, Хөрөнгийн биржээр дамжуулан ил тод байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцсэн юм. Мөн ННФ-аас 2019 онд хийсэн “Хувьцаа эзэмшигчдийн  ээлжит хурлын зохион байгуулалт” судалгааг танилцууллаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй Топ-20 ангиллын хувьцаат компаниуд болон уул уурхайн зарим компаниудын 2018-2019 оны хувьцаа ээзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтад хийсэн уг үнэлгээгээр хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангахад анхаарах асуудлуудыг тодорхойлсон юм.

СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэл анхаарч буйгаа энэ үеэр онцолж байлаа. Тодруулбал хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар урт болон дунд хугацаанд зах зээлийн үнэлгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэх, түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах ажиллагаанд тэдний оролцоог хангах боломжийг сайжруулахад анхаарч байна гэв. Түүнчлэн СЗХ-ны хуралдаанаар “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталж, компанийн засаглалын кодексыг Олон Улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явцад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд эцсийн өмчлөгчийн бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг хангах талаар холбогдох талуудын ойлголтыг бэхжүүлэх, энэ чиглэлээр авах арга хэмжээ, хамтын ажиллагааг тодорхойлох, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулснаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд эцсийн өмчлөгчийн бүртгэлийг хөтөлж, Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд мэдээлэх боломж бүрдэх юм.

Хэлэлцүүлэгт Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааны идэвхтэй арилжаа бүхий ХК-ууд, уул уурхайн компаниуд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын 140 гаруй төлөөлөл оролцлоо.