“Нийгмийн даатгалын сангийн төсвийн шинжилгээ: Сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаарх санал зөвлөмж” судалгааны дүнг танилцуулах цахим уулзалт боллоо
Монгол Улсын хувьд өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо хэвээр байх нөхцөлд нийгмийн даатгалын сан хөрөнгийн дутагдалд орохоор байгааг судлаачид онцолдог. Тиймээс нийгмийн даатгалын сангийн тогтолцоог шинэчлэхийн зэрэгцээ тус сангийн засаглал, удирдлагыг боловсронгуй болгож олон улсын ижил төрлийн сангуудын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар судлаачид “Нийгмийн даатгалын сангийн 2012-2020 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын дүн шинжилгээ: Сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаарх санал зөвлөмж” сэдвийн хүрээнд Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад дүн шинжилгээ хийхээс гадна олон улсын туршлагыг судалж сангийн удирдлагыг боловсронгуй болгох талаар санал зөвлөмж боловсруулахыг зорьсон юм. Энэхүү судалгааны дүнг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад судлаачид, иргэний нийгмийн төлөөллөөс гадна Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал нар оролцов.
Судалгаанаас дараах санал, зөвлөмжийг дэвшүүлэв. Үүнд:
- Манай улс нийгмийн даатгалын тогтолцоогоо нэн даруй олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх;
- I давхаргад улсаас олгох суурь тэтгэврийг хамааруулж нийгмийн даатгалын шимтгэлээр бус орлогын татвар, нийгмийн халамжийн сангийн орлого гэх мэт бусад эх үүсвэрээс санхүүжүүлдэг болох, улмаар нийгмийн халамжийн тэтгэврийг халах;
- II давхаргад ажил олгогч болон ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны нэрийн дансанд хуримтлуулдаг бүрэн хуримтлалын схем нэвтрүүлэх, улмаар хуримтлагдсан хөрөнгийг санхүүгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх институцийн орчныг бүрдүүлэх (үүнд хамтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулагдах, үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх асуудал хамаарна);
- III давхаргад өмнөх хэсэгт дурдсан болон даатгалын компани гэх зэрэг мэргэжлийн санхүүгийн байгууллагуудаас санал болгох, хувь хүний сонголтод суурилсан хувийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг хамруулж хянаж зохицуулах хууль эрх зүйн орчныг бий болгох;
- Хуваарилалтын зарчимд суурилсан баталгаат тэтгэврийн тогтолцооноос бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих;
- Дээр заасан шилжилтийн үед үүсэх эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилгоор уул уурхайн орлогоос хуримтлуулах замаар Тэтгэврийн нөөц санг байгуулах;
- Нийгмийн даатгалын тогтолцоонд захиргааны болон хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагыг тусад нь бий болгох. НДЕГ захиргааны чиг үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх бол сангийн хөрөнгийн удирдлагыг мэргэшсэн байгууллагад хариуцуулах буюу НДЕГ-ын харьяанд сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хариуцсан институцийг бий болгох.
- Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хариуцсан институц нь зөвхөн сангийн хөрөнгийг удирдах зорилготой ажиллах бөгөөд бүтэц, зохион байгуулалтын хувьд Хөгжлийн банкны жишгийг дагаж болно. Улмаар хөрөнгө оруулалтын менежментийг хийхдээ хөгжингүй орнуудын ижил төстэй сангуудын туршлага дээр үндэслэх.
Нээлттэй нийгэм форум