Уул уурхай, эрдэс баялгийн салбарын 100 жилийн ойн хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” компанитай хамтран анх удаа зохион байгууллаа. Энэ сарын 19-нээс 23 хүртэл үргэлжилсэн уг арга хэмжээнд салбарын хэлэлцүүлгүүд, хөрөнгө оруулалтын чуулган болсноос гадна уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн нээгдсэн юм. Нийт 800 гаруй оролцогч талыг цуглуулсан уг чуулганы 3 дахь өдөр Нээлттэй нийгэм форум, Төлсөн авснаа нийтэл эвсэл болон Олборлох үйлдвэрлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдэвт иргэний нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон уул уурхайн нөлөөллийн бүсээс малчид оролцож, эрдэс баялгийн салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахад тус салбарт өрнөж байгаа эрх зүйн шинэчлэлд олон талын оролцоог хангах, шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн зохистой оролцоог хуульчлах нь нэн чухал болохыг онцолж байв. УУХҮЯ-ны зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийтэд нээлттэй болгож, орон нутагт хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бол ХЗДХЯ Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.