"Нээлттэй нийгэм" форум, "Оюуны инновац" ТББ хамтран хийсэн “Монгол Улс шүүхийн индекс 2021” судалгааны тайланг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны нэгжийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.
Шүүхийн индекс судалгаанд шүүхийн үйл ажиллагааг шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн нөөц, шүүгчийн ёс зүй ба хариуцлага, шүүхийн үр нөлөөтэй үйл ажиллагаа гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүнд хуваагдсан 132 шалгуур үзүүлэлт тус бүрээр хэмжсэн байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхойлохдоо олон улсын туршлага болон судалгааны багийн дэргэдэх “Зөвлөлдөх баг”-ийн саналд үндэслэж, боловсруулсан талаар "Нээлттэй нийгэм" форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа танилцууллаа.
Шүүхийн индексийг захиргааны мэдээлэл, олон нийтийн төсөөллийн санал асуулга, мэргэжилтнүүдийн санал асуулга гэсэн гурван эх сурвалжаас бүрдүүлсэн байна.
Уулзалтын үеэр судалгааны нэр томьёог илүү чамбайруулж ажиллах талаар санал нэгдсэн юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараагийн судалгааг сайжруулахад бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдэв.
ШЕЗ -Хэвлэл мэдээллийн алба