Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнг 2022 оны 5 дугаар сарын 31-нд дэлхий даяар танилцуулав. Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилсан дэлхийн цорын ганц судалгааны арга хэрэгсэл юм. Тухайлбал, засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг. Төсвийн нээлттэй байдлын 8 дахь судалгаа нь дэлхийн 120 орныг хамарсан болно.
Нээлттэй нийгэм Форум нь Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулж ирлээ. Манай улс 2006 оноос энэхүү судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
Монгол Улс “Төсвийн нээлттэй байдлын судалгаа”-нд 8 дахь удаагаа оролцлоо. 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ.
Төсвийн ил тод байдал
Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа.
Монгол Улс 2021 оны байдлаар төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгожээ:
- Иргэдийн төсвийг цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтэлсэн.
- Жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулсан.
Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн 8 үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна.
Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэй юм.
Төсвийн хяналт
Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 72 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 83 оноо тус тус авчээ.
ЗӨВЛӨМЖ
Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
- Хагас жилийн тайланг боловсруулж цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэх;
- Иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах;
-Өрийн бүтцийн талаарх тухайн жилийн болон өмнөх жилүүдийн мэдээллийг төсвийн төсөлд илүү дэлгэрэнгүй оруулах, өрийн дүнг жилийн эцсийн тайланд тусгах;
-Баталсан төсөвт тухайн жилийн орлого болон зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр
Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
- Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх;
- Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах.
Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:
Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
- Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч аудитын тайлан хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
- Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
- Холбогдох аудитын шалгалт хийх үйл явцад олон нийт хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн албан ёсны механизмыг бий болгох.
- Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр
Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
- Хууль тогтоох байгууллагын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
- Төсвийн жилийн дундуур төсвийн хөрөнгийн хуваарилалтыг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд хууль тогтоох байгууллагатай зайлшгүй зөвшилцдөг байх.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын хараат бус байдал болон аудитын хяналтыг сайжруулахын тулд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:
- Аудит хийх үйл явцыг хөндлөнгийн байгууллагаар нягтлуулах.
Судалгааны аргачлал
Төсвийн нээлттэй байдлын 2021 оны судалгааг зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийв.
- Судалгааг улам чанаржуулах зорилгоор бүх улсын бөглөсөн асуулгын эхний хувийг нэрийг нь нууцалсан хараат бус шинжээч болон Монгол Улсын хувьд мөн Сангийн яамны төлөөлөгч нягталдаг.
- Судалгааны дүнтэй холбоотой нэмэлт мэдээллийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхэлдэг www.openbudgetsurvey.org болон Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn цахим хуудаснаас авна уу.
Хэвлэлийн хурлын видео мэдээллийг манай YouTube дэх сувгаас үзээрэй. https://youtu.be/glv7LyGc8SU