Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг Хуульчдын Форум хоёр жил завсарласны эцэст 2022 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа. “Үндсэн хуулийн үзэл баримтлал - сорилт, бэрхшээл” сэдвээр зохион байгуулагдсан тус форумд 320 гаруй хуульч, зочин оролцсон бөгөөд үндсэн хуралдаан, зочны цаг, дөрвөн салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө. Нээлттэй нийгэм форум нь анхны Хуульчдын Форум зохион байгуулагдахаас эхлэн эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг судалгаа, мониторингийн мэдээллээр хангах, тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр дэмжин оролцож ирсэн. Энэ удаагийн форумд Эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлийг эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах нь” салбар хуралдаанд хэлэлцүүлэгчээр орж санал бодлоо солилцохын зэрэгцээ эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн судалгаа, мониторингийн дүнг хуваалцлаа. Түүнчлэн, форумын нэгдсэн хуралдаанд Эрх зүйн хөтөлбөрийн менежер П. Бадамрагчаа Монголын Шүүхийн индекс 2021 судалгааны дүнг танилцууллаа. Шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тус судалгаа хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хуульчдыг Форумын хөтөлбөрийг эндээс харна уу.