Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан залуу сэтгүүлчдэд зориулсан арга зүйн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг 12-р сарын 3-ны өдөр “Улс төрийн санхүүжилт,” 12-р сарын 10-нд “Улс төрийн намын тухай хуулийн төсөл” сэдвүүдээр зохион байгуулав. Цуврал хэлэлцүүлгийн зочдоор Time.mn-ийн Ерөнхий редактор Г.Улсболд, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульч Т.Энхжаргал, Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, улс төр судлаач Э.Гэрэлт-Од нар оролцлоо.
Эдгээр хэлэлцүүлэгт улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хуулийн шинэчлэлийн талаарх олон нийтийн хүлээлт, сэтгүүлчдийн хувьд хэрхэн ажиллах, бодлого тодорхойлогчдод тавих оновчтой асуултуудыг эргэцүүлснээрээ онцлог. Хэлэлцүүлгийн зочин Г.Улсболд редактор “Улс төрийн санхүүжилт гэж ярихад энэ хуулиар намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэх гэж байгаа юм уу, эсвэл кнопын өрөнд ордог асуудлыг шийдэх гэж байгаа юу, эсвэл одоо байгаа улс төрийн намуудад санхүүжилт олгох гэж байгаа юм уу гэх мэтээр одоо байгаа яг ямар асуудлыг шийдэх гэж байгаа талаар судлаачдыг анхаарч яриасай гэж бодож байна” гэж сэтгүүлчдийн өнцгөөс хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Мөн хуульч Т.Энхжаргал “Энэ хуулиар санхүүжилтийн ил тод байдлыг шийднэ гэдгийг тун нарийвчлах, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиудтай хэрхэн уялдахаа сайтар бодох хэрэгтэй байна. Жишээлбэл, хувь хүний нууцын тухай хууль тогтоомж өөрчлөгдөж, нэлээн өргөн хүрээнд хувийн мэдээлэл гэдгээр төр болон улс төрийн намууд мэдээллээ өгөхгүй байх эрсдэлтэй болсон. Иймд улс төрийн санхүүжилттэй холбоотой ил тод байдлыг нарийвчлах, намд хандив өгч буй асуудлыг тухайлан ил тод болгох заалтыг оруулах хэрэгтэй байна. Энэ талаар сэтгүүлчдийг онож асуулт асуудаг байгаасай гэж хүсч байна” гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд энэ төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хуулийн хэрэглээг сэтгүүлчдэд ойртуулахад цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны группт шууд дамжуулалт хийж, бусад залуу сэтгүүлчдэд хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг хүлээн авах боломжийг олгосон юм.