Хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Хэлэлцүүлэгт урьж байна

Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх цуврал судалгааны дүнг танилцуулах уулзалтад урьж байна

Төлөөллийн ардчилалд парламент нь хууль тогтоох үндсэн үүргээ гүйцэтгэхдээ ил тод байдлыг хангаж, иргэдийг оролцуулахын дээр судалгаа шинжилгээнд үндэслэн хэрэгжих боломжтой амьдралд нийцсэн хууль гаргахад анхаарах учиртай. Энэ зарчмуудыг зохих хуулиудад тодорхой тусгасан хэдий ч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэхгүй байх үзэгдэл газар авч шүүмжлэл дагуулах боллоо.  

Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан олон нийтийн хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ шаардахгүй нөхцөлүүдийг улам бүр өргөжүүлснээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 130 гаруй хуулийг олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсны 45 нь яаралтай горимоор батлагджээ. Эдгээрт Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хууль зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавар бүхий хуулиуд байгаа нь анхаарал татаж байна. Тэрчлэн дагалдах хууль нэрээр хуулийг "бөөндөж" өөрчлөх,  зарим тохиолдолд үүнд "анхдагч хууль" оруулах, түүнчлэн дагалдах хууль нь өөрөө дагалдах хуультай байсан тохиолдол ч гарав. 

Иймд Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд дээрх баримтуудыг нарийвчлан авч үзсэн  цуврал судалгааг эрх зүйч судлаачдын багтай хамтран гүйцэтгэсэн үр дүнг Та бүхэнд танилцуулахаар төлөвлөлөө.