Хууль тогтоох үйл ажиллагаа: Хуулийн хэрэгжилт, зөвлөмж сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Хууль тогтоох үйл ажиллагаа: Хуулийн хэрэгжилт, зөвлөмж сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төлөөллийн ардчилалд парламент нь хууль тогтоох үндсэн үүргээ гүйцэтгэхдээ ил тод байдлыг хангаж, иргэдийг оролцуулахын дээр судалгаа шинжилгээнд үндэслэн хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн хууль гаргахад анхаарах учиртай.  Энэ зарчмуудыг зохих хуулиудад тодорхой тусгасан хэдий ч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэхгүй байх үзэгдэл газар авч шүүмжлэл дагуулах боллоо.  

Иймд хуулийн төслийн ил тод байдал, олон нийтийн хэлэлцүүлэг, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, хууль тогтоомжийн яаралтай горимоор батлах асуудлаарх цуврал судалгааны дүнг холбогдох талуудад танилцууллаа. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, хуульч, судлаачид болон Хууль тогтоомжийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын холбогдох ажилтнууд оролцож, санал шүүмж өрнүүллээ.

Тухайлбал, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хууль батлах боломжийг хязгаарлах, ялангуяа “яаралтай” горимоор хууль батлахад тавих шалгуурыг нарийвчилж, УИХ ийнхүү яаралтай батлагдсан хуулийн хэрэгжилтийг заавал эргэж үнэлдэг байх шаардлагыг хуульчлах зэрэг шийдлийг хэлэлцэв.

Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд  хуулийн төслийн ил тод байдалд тавих шаардлагыг нарийвчлан нэгдсэн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, тэр дундаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудад төслийг тухайлан танилцуулж, санал шүүмж авах, саналыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан болон тусгаагүй үндэслэлийг тайлбарлах зэрэг зохицуулалтыг хуульчлах зэрэг шийдлийг хэлэлцсэн бол хүний эрхийг хязгаарлах үр дагавартай хуулиуд батлагдан гарахаас сэргийлэхийн тул хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг зайлшгүй хийх, чанарыг сайжруулах чиглэлээр Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.