Нээлттэй Нийгэм Форумаас Санал худалдан авахын эсрэг хуулийн төслийн хэрэгцээ шаардлага, зохицуулалт болон гадаад орнуудын туршлагын талаар иргэний нийгмийн төлөөлөл, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм. Уг хуулийн төсөлд бүх шатны сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвсэл нь улсын төсөв болон төрийн өмчит компанийн хөрөнгө, нөөц боломжийг ашиглан сонгогчдын саналд нөлөөлөхийг хатуу хориглохоор тусгажээ.
Тухайлбал бэлэн мөнгө, эд зүйл тараах, амралт халамжийн үйлчилгээ болон гадаад аялалд явуулах, ивээн тэтгэлэг үзүүлэхийг хориглох; төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг хувь хүн, нам өөрийн ажил мэтээр сурталчлахыг бүх цаг үед хязгаарлах; сонгуулийн жилд төсвийн мөнгөөр зээл тэглэх, бэлэн мөнгө тараах, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэрэг нэрээр хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахгүй байх; цагаан сар болон бусад тэмдэглэлт баяруудаар нэр дэвшигчид бэлэг сэлт тараах хавтгайрсан үзэгдлийг уг хуулиар хязгаарлахаар болсон байна. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сонгуулийн үеэр ажилладаг “хэсгийн ахлагч”, “ухуулагч” нарын тогтолцоог халах асуудал ч энд хөндөгдөж байгаа аж.
Хэлэлцүүлэгт оролцсон судлаач, иргэний нийгмийн төлөөллүүдээс Хуулийн төсөлд "санал худалдан авалт" гэсэн ойлголтыг томьёолохдоо "сонгогчийн саналд хууль бусаар" нөлөөлөх зорилгоор .... ( 4.1.1-ийг хуулаад бичихдээ дээрх хэсгийг нь хашилтад хийх) гэсэн нь сонгогчийн саналд хууль ёсоор нөлөөлж болох мэт ойлгогдож байна. Учир нь иргэд чөлөөтэй санал өгөх нь сонгуулийн үндсэн зарчим болохын хувьд сонгогчийн саналд нөлөөлөх аливаа үйлдэл хууль бус болохыг онцолсон юм. УИХ ээлжит сонгуулийн жилд хуулийн 8.1.2-т заасан тодорхой асуудлаар хууль тогтоомж, санаачлан хэрэгжүүлэх батлахыг хориглохоор заажээ. Энэ нь УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд халдах эсэхийг нягтлан Үндсэн хууль болон бусад хуулийн нийцлийг эргэж нягтлах шаардлагатай гэх саналыг оролцогчдын зүгээс онцлов. Түүнчлэн гуравдагч этгээд буюу төрийн бус байгууллагаар дамжуулан санал худалдан авах үйлдлийг уг хуулиар зохицуулах шаардлагатай гэх саналыг иргэний нийгмийн төлөөллүүд гаргаж байлаа.
Уг арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн 30 гаруй төлөөлөл оролцож, хуулийн төслийг чамбайруулах чиглэлээр санал шүүмж өрнүүлсэн юм.


