Дэлхийн 100 гаруй орныг хамруулан төсвийн нээлттэй байдлыг нь үнэлдэг судалгааны дүнг ННФ-аас олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Энэ жил 80 гаруй орныг хамарсан уг судалгаанд Монгол Улс ямар үнэлгээ авсныг энэ лхагва гарагт 10 цагт ННФ-ын хурлын танхимд танилцуулна.
Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын хариуцлагыг сайжруулахад иргэний нийгмийн оролцоо нэн чухал бөгөөд төсвийн ил тод байдлыг хангах нь иргэдийг мэдээлэлтэйгээр хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох нөхцөлийг бүрдүүлдэг. Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутам эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2023 оны дүнгээр манай улсын төсвийн ил тод байдлын үзүүлэлт авбал зохих 100 онооноос 62, хяналтын тогтолцоогоор 80 оноо авсан бол олон нийтийн оролцооны үзүүлэлтээр дөнгөж 19 оноо авч байсан нь энэ чиглэлд ахиц гараагүйг харуулж байна. Өнгөрсөн онд мөн манай судлаач Д.Оюунбадам энэхүү олон улсын ээлжит судалгаанд Монгол Улсын үнэлгээг гүйцэтгэн оролцсон юм. Уг судалгааны нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн хуралд урьж байна.


