Хэвлэлийн мэдээ
2016 оны 6 дугаар сарын 17, Улаанбаатар хот.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад (1) Хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр мониторинг хийж буй билээ.
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ СОНГУУЛЬД БЭЛТГЭХ ҮЙЛ ЯВЦАД ХИЙЖ БУЙ МОНИТОРИНГИЙН ЯВЦ 2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгууль болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус тус хариуцан хэрэгжүүлсэн билээ. Дээрх мониторингийн үр дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийн зарим нь энэ жилээс хэрэгжиж эхлээд байна. Үүнд тухайлбал, төхөөрөмжөөс хэвлэх дүнгийн хуудас буюу биллийг хэвлэхэд хэдэн цагт, ямар машинаас хэвлэснийг харуулах динамик тэмдэглэгээ тавигдах болсныг дурдаж болно. Түүнчлэн 2012 онд зөөврийн хайрцгаар авсан саналыг санал хураалт дууссаны дараа төхөөрөмжид уншуулсан нь эргэлзээ төрүүлэх нэг шалтгаан болсон тул энэ жил санал авах өдрийн 07.00 цагт санал авах байрны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан сонгогчдын саналыг авч эхлэхээс өмнө зөөврийн хайрцагийг нээж саналыг хуудсыг төхөөрөмжид хийж уншуулахаар зохицуулсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сонгогчдын бүртгэлийн хэсгийн програм хангамжийн хяналтаар эхэлсэн ба үүнд нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Нам, эвслийн ажиглагчдын хувьд баталгаажуулалт явагдсан сүүлийн өдрүүдэд хяналтаа бүрэн тавилгүй цалгар хандах байдал ажиглагдсан. Програм хангамжид ямар нэг алдаа илрээгүй бөгөөд баталгаажуулсан файлыг лацдан найдвартай байдлыг хангах арга хэмжээ авсан. Үүний дараа СЕХ-ноос санал тоолох төхөөрөмжийн эх кодыг хянан гэрчилгээ олгох ажлыг гүйцэтгэсэн ба үүнд нам, эвсэл, ТББ-уудын төлөөллийг оролцуулаагүй. Харин 2016 оны 6-р сарын 13-наас эхэлсэн санал тоолох машинуудыг бэлтгэх, баталгаажуулан гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд СЕХ-ноос баталсан хуваарийн дагуу оролцуулж эхлээд байна. Сүлжээний ажиглагчдыг хувьд энэ хуваарийн дагуу хяналт тавих боломжтой өдөр нь 6-р сарын 18 бөгөөд хэд хэдэн тестийн тавил боловсруулан төхөөрөмжүүдээс санамсаргүй аргаар түүвэрлэн туршилт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тестийн хувьд гадны нөлөө орох боломж байгаа эсэх, нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, ямар нэг алхамт өөрчлөлтүүд,“цагийн бөмбөг” байгаа эсэх болон мандатаас илүү санал бөглөсөн нөхцөлд хуудсыг уншилгүй буцааж байгаа эсэх, билл дээр хэвлэсэн цаг хэрхэн гарч байгаа зэргийг харж турших болно. Сонгуулийн тухай хуульд заасанчлан санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийх ёстой. Хуулиар техникийн тооллого хийх журмыг СЕХ батлах ёстой боловч өнөөг хүртэл эцэслэн батлаагүй байна. Хяналтын тооллого хийх нь санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад маш чухал ач холбогдолтой. СЕХ журамдаа хэсгийн хороодын 50 хүртэл хувийг сугалаагаар түүвэрлэн сонгохдоо ил тод байдлыг хэрхэн хангах, төхөөрөмжөөр тоолсон дүн, гараар тоолсон дүнгүүд зөрсөн нөхцөлд зөрүүг хэрхэн нягталж шалгах талаар тодорхой тусгана гэж найдаж байна. С. Энхжаргал МИДАС ТББ Утас: 88119385 Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм. Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012 онд болсон УИХ-ын болон 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар тус тус хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог. СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ БАЙНА ТЕЛЕВИЗҮҮД ТЭГШ ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА