“Театр хүний эрхийн төлөө – 2016” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй зохиолчдыг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форум, Глоб интернэшнл төв ТББ, Улсын Драмын Эрдмийн театр хамтран “Театр хүний эрхийн төлөө” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр нь урлагаар дамжуулан иргэдэд хүний эрх, эрх зүйн боловсрол олгох, тулгамдсан асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахыг зоридог. “Театр хүний эрхийн төлөө – 2016” хөтөлбөр нь хүний эрх, шударга ёсыг хөхиүлэн дэмждэг, энэ чиглэлээр зохиол бүтээл туурвидаг зохиолчдыг дэмжих зорилго тавьж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зохиолчдод мэргэжилтний зөвлөгөө туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тиймээс тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй зохиолчдыг урьж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Жүжгийн зохиол хэрхэн бичих вэ?” сэдэвт вакуум сургалтыг 2016 оны 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй зохиолчид тавигдах шаардлага:
· Бичлэгийн аль нэг төрлөөр бүтээл туурвиж байсан туршлагатай /бүтээл нь хэвлэгдсэн, кино, жүжиг болсон байх албагүй/
· Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад үед бүрэн хамрагдах боломжтой
· Хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд иргэдийн хүний эрх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр болохуйц жүжгийн зохиол бичих хүсэлтэй
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс www.forum.mn цахим хаягт буй бүртгэлийн маягтыг бөглөж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Шаардлагатай тохиолдолд зохиол бүтээлийг цахимаар авч, шалгаруулалтад ашиглана. Зөвхөн хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан зохиолчидтой эргэж холбогдоно.