СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ БАЙНА

A- A A+
СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2016 оны 6 дугаар сарын 17, Улаанбаатар хот.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад (1) Хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр мониторинг хийж буй билээ.

 

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ БАЙНА

Чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим нь нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн шударгаар өрсөлдөх боломжоор хангагдах явдал бөгөөд энэ зарчмыг ханган цэвэр улс төрийн үйл явц, өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжихэд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм. Түүнчлэн ил тод байдлыг хангах нь мөнгөний нөлөөнөөс үүдэлтэй улс төр дэх авилгаас урьдчилан сэргийлэхэд мөн чухал ач холбогдолтой билээ. Ийм ч учраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрах этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид багтдаг билээ. /Авлигын эсрэг хууль. 4.1.6/ 

Сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн Төлөө Төв сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна. Мониторингийн зорилго нь:

·         Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мэдээллийг ил тод болгоход нөлөө үзүүлж сонгогчдыг мэдээллээр хангах,

·         Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх

·         Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн заалтуудын хэрэгжилтийг хянахад оршино.

Дээрх зорилгын хүрээнд Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог,Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн  22 болон 23 дугаар тойргуудад  ажиллан дараах асуудлуудаар мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна. Үүнд:

·         Сонгуулийн штабт ажиллаж буй менежер, ухуулагч, бусад хүмүүсийн урамшуулал, зардал

·         Ухуулах байр, түүний түрээсийн төлбөрийн талаарх мэдээлэл

·         Зурагт хуудас, ухуулах хуудас, сурталчилгааны самбар зэргийн үнэ хөлсний талаарх мэдээлэл

·         Сурталчилгааны арга хэмжээний зардал

·         Төрийн эх үүсвэр буюу төрийн өмчийн байр, унааг сурталчилгааны арга хэмжээнд ашиглаж буй эсэх, төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулж буй эсэхэд хяналт тавьж байна. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу 2016 оны 6 сарын 11-нээс  14-нийг хүртэлх мониторингийн дүнгээс харахад Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлд заасан хууль бус сурталчилгаа хийх үйлдэл илэрхий ажиглагдаагүй боловч сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байна. Мониторингд хамрагдаж буй Нийслэлийн тойргуудад ажиллаж буй нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэл дурдалгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан ба Улаанбаатар хотод энэ хандлага түлхүү ажиглагдаж байна. Түүнчлэн СЕХ-нд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлангийн хуулбар, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэл авах хүсэлт тавихад татгалзсан хариу өгөөд байна. Хуулийн дагуу иргэд энэ мэдээллийг хүсэлт гарган авах эрхтэй юм. 

Тойргуудад ажилласан дүнг тоймлон хүргэхэд:

1.      Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт ажиллаж буй АН-ын 1 штаб, 17 ухуулах байр, МАН-ын 1 штаб, 6 ухуулах байр, МАХН-ын 1 штаб, 13 ухуулах байрнаас Сонгуулийн штабт ажиллаж байгаа менежер, ухуулагч, бусад хүмүүсийн урамшуулал, зардлын талаар болон ухуулах байрны түрээсийн төлбөрийн талаарх мэдээлэл авахыг хүсэхэд:

·         МАН- мэдээллийн асуулгыг бөглөхөөр авсан боловч одоогоор хариу өгөөгүй. 

·         АН-ТББ-аас хяналт, шинжилгээ хийх журмын дагуу Сонгуулийн байгууллагаас мэдээлэл авах эрхтэй, харин намаас мэдээлэл авах эрхгүй. Ирүүлсэн хүснэгтийг сонгуулийн дараа бөглөх боломжтой, явцад бөглөхгүй гэсэн байна гэх зэрэг шалтгаанаар татгалзсан.

·         МАХН – тухайн намд хаягласан СЕХ-ны албан бичиг ирвэл мэдээлэл өгнө гэсэн тайлбар тавьсан.

2.      Баянзүрх дүүргийн 53 дугаар тойрогт АН-ын 1 штаб, 22 ухуулах байр, МАН-ын 1 штаб, 12 ухуулах байр, МАХН-ын 1 ухуулах байр болон нам болон нэр дэвшигчдийн  штабаас мэдээлэл хүсэхэд:

 

·         МАН-аас нэр дэвшигч Б.Төмөрчулууны сонгуулийн ажлын ерөнхий менежер Одгэрэл, санхүү хариуцсан менежер нар нь тодорхой үндэслэл дурдалгүй мэдээлэл өгөхөөс шуууд татгалзсан.

·         АН- Сонгуулийн менежер болон хуулийн зөвлөхөөс нь холбогдох зөвшөөрөл авч ажиглалтаа хийсэн.

·         МАХН- одоогоор мэдээлэл өгөөгүй.

3.      СБД-ийн 60 дугаар тойрогт ажиллаж буй АН-ын 1 штаб, 8 ухуулах байр, МАХН-ын 1 ухуулах байр, МАН-ын 4 штаб, 5 ухуулах байрнаас мэдээлэл хүсэхэд нэг нь ч мэдээлэл өгөөгүй.

 

4.      СБД-ийн 61 дүгээр тойргийн МАН-ын 1 штаб, 12 ухуулах байр, АН-ын 1 штаб, 8 ухуулах байр, МАХН-ын 1 штаб, 3 ухуулах байрнаас мөн дээрх мэдээлэл хүссэн боловч үндэслэлгүйгээр аль ч нам мэдээлэл өгөөгүй болно. 

Орон нутагт:

5.      Төв аймгийн 30 дугаар тойрогт өрсөлдөж буй намууд тус бүр 1 штаб, 9 ухуулах байр ажиллуулж буй агаад тэднээс Төв аймгийн Заамар, Цээл, Угтаал сумдын мэдээллийг бүрэн авах боломжтой байлаа.

6.      Өмнөговь аймгийн  22 болон 23 дугаар тойрогт МАХН, МАН, АН-ын тус бүр 1 төв штаб, нэр дэвшигч тус бүр 1 штабтай, мөн сум бүрт /15 сум/ штаб ажиллаж байгаагаас  АН, МАН-ын штабууд өөрийнхөө мэдээллийг өгөх, лавласан асуултанд хариулахгүй байх, танай төрийн бус байгууллагын сонгуулийн хороотой гэрээ байгуулсан бол мэдээлэл өгнө гэх зэргээр шалтаг дурдан мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Цаашид сонгуулийн цэвэр шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж, авлигаас ангид тунгалаг төрийг бэхжүүлэхийн тулд сонгуульд оролцож буй нийт нам эвсэл, нэр дэвшигчид зардлын дансаараа хүлээн авч буй хандив,түүний зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг уриалж байна.

 

З. Уянга

Филантропи Төв

 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм.  Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд  2008, 2012 онд болсон УИХ-ын болон  2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар тус тус хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог.