ТЕЛЕВИЗҮҮД ТЭГШ ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

A- A A+
ТЕЛЕВИЗҮҮД ТЭГШ ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

 

Хэвлэлийн мэдээ

2016 оны 6 дугаар сарын 17, Улаанбаатар хот.

 Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад (1) Хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр мониторинг хийж буй билээ.

 

ТЕЛЕВИЗҮҮД ТЭГШ, ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Глоб Интернэшнл  Төв УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 6-р сарын 08-10, албан ёсны сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 11-13-ны өдрүүдэд  МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS телевизүүдэд хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна.

Мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз нь  нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр тэгш, тэнцвэртэй мэдээлж буй байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, далд сурталчилгаа явагдаж байгаа судлах зорилготой. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавина.

Мониторинг хийх телевизүүдийг сонгохдоо олон нийтийн санхүүжилттэй, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон гэсэн Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2015 оны судалгаанд үндэслэсэн юм.

Сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 6-р сарын 08-10-ны өдрүүд

1.     Судалгааны хугацаанд 5 телевизийн 271 цаг 05 минут 59 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39%-ийг АН, 15%-ийг МАН-ын мэдээлэл эзэлж байна. Харин бусад телевизийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51%-иар давамгайлжээ. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН-ын сурталчилгаа 53%, МАН-ынх 31%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22% байсан бол “TV9” телевиз намуудад хуваарилсан цагийнхаа 6%-ийг оноосон байна.

2.      Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 64%-иар давамгайлж байна.  МҮОНТ-ийн мэдээллийн 75% нь төвийг сахисан хандлагатай байсан бол “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн 50% нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин ТV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 40%-тай байв. Бусад телевизүүдийн мэдээллийн 80-аас дээш хувь нь эерэг хандлагатай байгаа нь нам эвсэл, нэр дэвшигчийг агуулгын хувьд хэт их дэмжиж буйг харуулж байна.

 3.   Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнөх өдрүүдэд далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл их цацагдаж байв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82%-ийг эзэлсэн бол “25 дугаар суваг” телевизэд 92% байв.

 4.      Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж, АН 19%-иар удаалж байна.

 5.      Телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байна. Сурталчилгаа эхлэхээс өмнөх өдрүүдэд МҮОНТ-ээр энэ төрлийн мэдээлэл цацаагүй бол TV9 телевиз 14 минут 31 секундыг сонгогчдын боловсролд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв.

Албан ёсны сурталчилга эхэлсэн 6-р сарын 11-13-ны өдрүүдэд

1.      Судалгааны хугацаанд 5 телевизийн 268 цаг 43 минут 20 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн цаг огцом өссөн бол арилжааны бусад телевизийнх буурсан хандлагатай байна. 

Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 37%-иар давамгайлсан хэвээр байна. Харин эрх баригч АН дундаж дүнгээр 30%-г эзэлж байна.

Телевизүүд тэгш, тэнцвэртэй мэдээлэх үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Тухайлбал МАН 37%-иар давамгайлсан хэвээр байгаа бол АН мэдээлэл 30%-тай байна. Харин бие даагчдад зарцуулсан цаг нь дундаж дүнгээр 3%-тай байна.

2.      Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш эерэг өнгө аястай мэдээлэл өссөн байна.  МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл буурч эерэг хандлагатай мэдээлэл 25-46%-иар өссөн байна. ТV9 телевизийн сөрөг мэдээллийн хувь 40-6% болтол эрс буурч, эерэг өнгө аястай мэдээлэл өссөн байна. 

3.      Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл ихээр цацагдаж байсан бол сурталчилгаа эхэлснээс хойш тухайлбал 25-р суваг телевизийн далд сурталчилгаа 92-40% хүртэл, UBS телевиз 80-4% хүртэл буурчээ.

4.      Албан ёсны сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн телевизүүд сонгогчдын боловсролд анхаарч эхэлсэн. МҮОНТ, ТV9  телевиз сонгогчдын боловсролд хамгийн их цаг зарцуулсан байна.  

Т.Онон

Глоб Интернэшнл төв

Утас: 324627, 324764

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм.  Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд  2008, 2012 онд болсон УИХ-ын болон  2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар тус тус хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог.