ЗҮҮН ХОЙД АЗИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

A- A A+
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД  ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

              Дугуй ширээний ярилцлага нь Ази Европын Ард түмнүүдийн 11-р Чуулганы хүрээнд болж буй бөгөөд Нээлттэй Нийгэм Форумаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Монгол Улсад зохион байгуулагдаж буй дэд бүс нутгийн энэхүү уулзалтаар UPR-ын зөвлөмжийг Зүүн Хойд Азийн бүс нутагт амжилттай хэрэгжүүлэх асуудлаар харилцан туршлага солилцож, мөн түүнчлэн тус бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн асуудлаар үр нөлөөтэй хамтран ажиллах боломжийн тухай хэлэлцлээ.

           Уулзалтад Болгар, БНХАУ, БНСУ, Киркизстан, Тайландын иргэний нийгмийн төлөөлөгчдөөс гадна Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүд, 21 аймгийн иргэний нийгэм, Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум (ФОРУМ-АЗИ), Монголын Эмнести интернэшнлийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо.

           Дугуй ширээний ярилцлагын үеэр UPR-ын асуудлаар БНСУ, Тайланд, Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, сургамж, НҮБ-ын Хүний эрхийн механизм дах оролцоо зэрэг сэдвээр Солонгосын хүний эрхийн сан, Тайландын Ардын эрхийн сан, НҮБ-ын Хүний эрхийн бодлогын төлөөх Солонгосын төв (KOCUN), Монголын эмнести интернэшнл, Нээлттэй Нийгэм Форумаас илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

           ФОРУМ-АЗИ байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Эвелин уулзалтаар хэлэлцсэн асуудлыг багцлан дүгнэсэн бөгөөд үүнд “UPR-ын үйл явцад үндэсний төрийн бус байгууллагын зэрэгцээ орон нутгийн төрийн бус байгууллагын үүрэг оролцоо чухал. Олон улсын тавцанд иргэдийнхээ тулгамдсан асуудлыг танилцуулж, анхаарал хандуулахын тулд илүү сайн бэлтгэл, зохион байгуулалттай оролцох шаардлагатай. Цаашид хүний эрхийг хамгаалагч хэн бэ гэдгийг тодорхойлж, нэг мөр ойлгох, тэдэнд ямар хэрэгцээ шаардлага байдгийг таньж мэдэх, хамгаалах арга хэмжээ авах, дэд бүс нутгийн мэдээлэл, туршлага солилцоог тогтмолжуулах, Төв Азийн ТББ-уудыг эгнээндээ нэгтгэх бололцоог судалж үзэх хэрэгтэй. Мөн мэдээлэл, туршлага солилцох, эрүүдэн шүүх явдлыг зогсоох талаар хамтын хүчин чармайлт тавих, интернэт хэрэглэх боломжгүй хүмүүст хүрч ажиллах шаардлага байна” гэсэн асуудлуудыг онцоллоо.