Монгол Улсын өрсөлдөх чадварын 2016-2017 оны
зэрэглэлийг танилцуулна
Дэлхийн эдийн засгийн форум жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2016-2017 оны тайлангийн дүнг энэ оны 9 дүгээр сарын 28-нд дэлхий даяар танилцуулах юм. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 12 дахь жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форум энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах гэж байна.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэн өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг ажээ. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
Бидний зүгээс Өрсөлдөх чадварын тайлан дахь Монгол Улсын дүнг олон нийтэд өргөн хүрээнд танилцуулснаар манай улсын төр засгийн зүгээс уг судалгааны дүнд анхаарал хандуулдаг болоод байна. Тухайлбал, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” бодлогын баримт бичгийн биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн тоонд өрсөлдөх чадварын үзүүлэлт орсон нь судалгааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж, судалгааны дүнг төр засаг бодлого шийдвэртээ ашиглаж байгааг харуулж байна. Өнгөрсөн оны тайлангаар манай улс авбал зохих 7 онооноос 3,8 авч, судалгаанд хамрагдсан 140 орноос 104-рт эрэмбэлэгдсэн юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улсын өнөөгийн түвшинг урагшлуулж, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай эхний 70 орны нэг болох зорилт дэвшүүлжээ. 2016-2017 оны тайлангаас харахад Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүй байна.
Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал 2016 оны 9 дүгээр сарын 27-ны 11.00 цагаас MN-25 телевизийн хэвлэлийн танхимд болох тул сэтгүүлч Та бүхнийг хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн
менежер Д.Оюунбадам
Холбоо барих утас: 313207