202 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2016 оны Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай жижиг зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Санал авах байр, орчин:
Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогч бүртгүүлэх үед зургийг нь ажиглагчид харах боломжтой дэлгэцийг бэлдсэн байдал нь сайн байсан ч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах дутагдлууд ажиглагдсан. Үүнд:
- Хэд хэдэн хэсгийн хороо санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас саналын нууцлал алдагдах эрсдэлтэй нөхцөл бий болгосон.
- Тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн хороодын 72% нь урьдчилан бэлтгээгүй байв.
- Хэсгийн хороодын 20% нь ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой суудлаар хангаагүй.
- Ажиглалт хийсэн нэг хэсгийн хороон дээр согтуу сонгогчид бөөн бөөнөөрөө ирж санал өгөх явдал ажиглагдсан ба цагдаагийн хамгаалалт ойр байгаагүй.
Санал хураах үйл явц:
Ажиглалтад хамрагдсан хэсгийн хороод дээр санал хураах үйл явц ерөнхийдөө хуульд заасан дагуу хэвийн явагдсан. Хэсгийн хороодын ихэнх нь хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн боловч зарим газарт санал авах төхөөрөмжийг угсрах, ажиллуулах, зөөврийн хайрцгаар авсан саналыг уншуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарсан.
Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагджээ. Үүнд: Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх ойлголтгүй байснаас үүдэн ажиглалт хийсэн 100 гаруй хэсгийн хороод дээр 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон, 51%-д нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад асуудал үүссэн байна. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдлууд гарчээ. Мөн сонгогчид санал өгөх хэсгийн хороогоо андуурсан тохиолдлууд нэлээд гарчээ.
Санал тоолох төхөөрөмж болон хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаа:
Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатй холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй байна. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан гэсэн бөгөөд зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдол хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулж шалгаж байсан нь сайшаалтай байна.
Санал тоолох төхөөрөмжинд 59 хувьд нь эвдрэл, гэмтэл гараагүй бөгөөд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээлийн даамал тухай бүр нь засварлаж, шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны баг ирж тухай бүр нь асуудлыг шийдвэрлэжээ.
Санал тоолох үйл явц:
Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 101 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглагчдын 86% санал тоолох үйл ажиллагааг бүхэлд саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна.
Хэсгийн хороодын 83%-д нь санал тоолох ажиллагааны үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацаагүй, 79%-д санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан гэсэн бөгөөд зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-оос техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн, намын төлөөлөл нэмж орж ирсэн зэрэг шалтгаантай байсан байна.
Нийт хэсгийн хороодын 92% нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн ба 73% нь дүнг уншиж сонгон, 82% нь нэн даруй мэдээлжээ. Мөн 82% нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн бөгөөд техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсанаас зарим хэсгийн хороо ажиглагчид мэдээллийг авч чадсангүй.
Техникийн тооллого:
Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл 8 дүүргийн техникийн тооллого явагдах хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд хөндлөгийн ажиглалт хийж оролцсон. Ажиглалтад хамрагдсан 101 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо сугалаагаар сонгогдсон.
Ажиглагчдын мэдээллээс үзэхэд техникийн тооллого явагдах үйл явц 100% ажиглагчдад нээлттэй явагдсан ба СЕХ-оос баталсан журмын дагуу явагджээ. Техник тооллого саналт хураалт дууссанаас хойш дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба 4-8 цаг үргэлжилжээ.
Мөн энэ хэсгийн хороод дээр 7 дээр нь саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан байна. Тодруулбал 1-10 саналын зөрүү гарах тохиодлууд байсан ба шалтгаан нь нэр дэвшигчийн өмнөх дугуйг хэтрүүлэн тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолох тохиолдлууд ажиглагдсан байна
Ажиглалт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл:
Ажиглагчдад мэдээлэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэж, мэдээлэл авах, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор бүх хэсгийн хороод хангаж чадаагүй. Ялангуяа хэсгийн хороодод ажиглагчдыг бүртгүүлэхэд хуульд заагаагүй бичиг баримт шаардах, нааш цааш 4-5 удаа явуулах зэрэг хүндрэл учирч байсан.