Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж буй Уул уурхайн тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, санал авах цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хүрээнд “Ил тод байдал”, “Уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлт”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо” сэдвээр 3 цуврал хэлэлцүүлэг зохион байгуулснаас “Ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн ННФ-аас эрхлэн гаргадаг “Хуулийн шүүмж”-ийн энэ дугаарт нийтэлж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн 12 дугаар бүлэг буюу “Ил тод байдал”-ыг хангах талаарх заалтуудыг Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ын стандарт, түүнийг хэрэгжүүлж ирсэн практик, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлтэй харьцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчдын олонх нь эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах асуудлыг бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байсныг онцлон дурдахын сацуу одоо боловсруулж байгаа Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсронгуй болгохтой холбоотой гаргасан саналуудыг нэгтгэн бүлэглэж боловсруулав.