ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

A- A A+
ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА  ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА

ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь 2008 оноос эхлэн шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжих зорилгоор холбогдох төрийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагад мониторингийн тэтгэлэг олгох, тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ хийх зэргээр ажиллаж ирлээ. Энэ хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийн  үр нөлөө, хэрэгжилт, дагаж гарсан дүрэм журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн эсэх, зарим хуулийн төсөлд үнэлгээ, дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох бодит хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймд доор дурдсан чиглэл буюу нарийвчилсан сэдвийн хүрээнд судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна.

Судалгааны чиглэл

Эрүүгийн эрх зүй, хууль сахиулах салбарын шинэчлэлийн хүрээнд:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд хүний эрхийн хамгаалалт, өмгөөлүүлэх эрхийн баталгааг хангасан байдал, хууль зүйн туслалцааг аль болох эрт шатнаас авах олон улсын хүний эрхийн хэм хэмжээ эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хэрхэн туссан нь
  •  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд туссан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэх
  •  Эрүүгийн эрх зүй дэх хохирогч хамгаалал
  • Тахарын албаны чиг үүргийн хуваарилалт, үр нөлөө, сургамж
  •  Цагдаагийн албаны үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журам, цагдаагийн алба хаагчийн ажил дүгнэх үзүүлэлт хүний эрхийн зарчимд нийцсэн байдал
  • Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн албаны чиг үүрэг, зохион байгуулалтад орж буй өөрчлөлт, хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам
  •  Нотолгооны өнөөгийн практик, арга зүй, техник хэрэгсэл, анхаарах асуудал
  • Бусад асуудал: Судлаач эсхүл судалгааны баг дээрх сэдвээс өөр сэдвийг санал болгож болох бөгөөд судлах хэрэгцээ шаардлагыг тодорхой тусгасан байвал зохино.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд:

  •  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх нь: Нөлөөллийн мэдүүлэг
  •  Шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт
  • Хяналт, тэнцвэрийн зарчмын хэрэгжилт: Засгийн газраас шүүхийн шийдвэрийг биелэлтийг хангах нь

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлаач нь эрх зүй, хууль сахиулах салбарын чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх
  • Тухайн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх

Жич: Судалгааны сэдэв, цар хүрээнээс хамаарч судлаач бие даан эсхүл судалгааны багаар гүйцэтгэж болно.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө
  • Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт (шаардлагатай тохиолдолд хувийг  хүсэж болно.)
  • Судалгааг багаар гүйцэтгэх бол гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарь.

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2017 оны 4 сарын 10-ны Даваа гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Мэдээлэл өгөх уулзалт 2017 оны 3 сарын 17-ны Баасан гарагийн 10 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.  Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.