Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд (ХХША) бусдыг төлөөлөх нөхцөл байдлыг судлан, тулгамдсан асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн иргэд мэргэжлийн, чанартай, хууль зүйн туслалцаа авах буюу өмгөөлөгч авах эрхээ эдлэх; аливаа хэрэг маргаанаа шүүхээр үнэн зөв, бүрэн бодитой шийдвэрлүүлэх; шүүх, хуулийн байгууллага, хуульч, өмгөөлөгчид итгэх иргэдийн итгэл нэмэгдэх; хуульчийн мэргэжлийн нэр хүнд өсөх зэрэг олон талын эерэг нөлөөтэй. Тиймээс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд итгэмжлэлийн үндсэн дээр иргэн болон хуулийн этгээдийг ХХША-д төлөөлж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх буюу өмгөөлөл хийж байгаа талаар хууль зүйн мэргэжилтнүүдийн байр суурь, хандлагыг тандах, тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замыг тогтоох судалгаа хийж тодорхой дүгнэлтэд хүрлээ. Судалгааг анкет асуулга, фокус бүлгийн хэлэлцүүлэг, ганцаарчилсан ярилцлагын аргаар явуулж, үр дүнг статистик мэдээ болон гадаад орнуудын эрх зүйн тогтолцоотой харьцуулан судлав.