Өнгөрсөн оны 10 дугаар сарын ээлжит өглөөний хэлэлцүүлгийг “Сургуулийн төлбөр ба хүүхдийн эрхийн зөрчил” сэдвийн хүрээнд эцэг эхчүүд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Уулзалтын зочноор эцэг эхийн төлөөлөл Ж.Буд-Эрдэнэ оролцож, төрийн бус өмчийн сургуулиуд сургалтын төлбөрөө төлөөгүй сурагчийг хичээлд суулгадаггүй, анги хамт олных нь дунд багшаар нь дамжуулж сургалтын төлбөрийг нэхдэг, сургалтын хэрэглэгдэхүүнийг тарааж өгдөггүй зэрэг хүүхдийн эрхийн зөрчил түгээмэл гардаг тухай мэдээлэл хийсэн юм.
Хэлэлцүүлэг болсноос хойш эцэг эхчүүд, ТББ-ууд үргэлжлүүлэн энэ чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах, холбогдох төрийн байгууллагад хүсэлт тавих зэргээр ажилласны дүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй байхыг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад хандан зөвлөмжилсөн тушаал гаргажээ. Хүүхдийн эрхийг хамгаалахад энэ мэт шийдвэрийг цаг тухайд нь гаргаж байх нь нэн ач холбогдолтой тул энэ мэдээг онцоллоо.