СОНГУУЛИЙН ЗАРДЫН ТАЙЛАНГ ГАРГАХ ЗААВАР ЖУРАМ, МАЯГТ ЗЭРГИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид тэнцвэртэй бөгөөд тогтвортой эрх зүйн орчинд тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх боломжтой байх явдал билээ. Сонгуулийн кампанит ажлын зардал зохистой хэмжээнд байснаар тэгш гарааны зарчим хэрэгжих нөхцөл илүү бүрдэх бөгөөд сонгуульд өрсөлдөгч талууд бэл бэнчингээр биш мэдлэг, туршлага, бодлогоор өрсөлдөн, улмаар ардчилсан сонгуулийн үйл явц, үр дүнд чанарын дэвшил гарах бололцоотой. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд сонгуулийн хууль тогтоомжид сонгуулийн зардлыг хязгаарлах, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой өөрчлөлтүүд нэмэгдсээр ирсэн ч бодит байдалд үр дүн нь төдийлөн мэдэгдэхгүй байна. Олон улсын туршлагаас харахад сонгуулийн зардалтай холбоотой хуулийн зохицуулалтууд хэрэгжих гол нөхцөл нь сонгуулийг санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналт тавих явдал байдаг.