Монгол Улсын Үндсэн хуульд туссан өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын суудлын тоо 126 болж, гишүүдийн 78-ыг олонхын тогтолцоогоор, 48-ыг хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтаас сонгох болсон билээ. Үүнтэй холбоотой УИХ-ын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл ажиллажээ. Улмаар энэхүү ажлын хэсгээс боловсруулж өргөн барьсан төслийг УИХ-аас 2023 оны 6-р сард батлаад байна. Энэхүү хуульд туссан сонгуулийн тогтолцооны талаарх нарийвчилсан зохицуулалтууд, гадаадад
оршин суугаа сонгогчдын бүртгэлийг сайжруулах, саналыг авах талаарх зохицуулалт, сонгогчдын бүртгэлд тавих хяналт, ил тод байдал зэргийг хэрхэн сайжруулахаар тусгасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ оролцож мэдээлэл өгөв. Уулзалтын үеэр танилцуулсан мэдээллийг эндээс үзнэ үү.