Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг зорьдог бөгөөд энэ удаа дор дурдсан асуудлаар бодлогын судалгаа, шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
Сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр:
- Төрийн болон албаны нууцыг тогтоож буй процесст тулгамдаж буй асуудлууд /кейст тулгуурласан эрх зүйн дүн шинжилгээ/
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр
- Сонгуулийн маргаан шийдвэрлэх процессыг боловсронгуй болгох нь
- Сонгуулийн тойрог байгуулах асуудлыг боловсронгуй болгох нь
ТББ-ын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр:
- Нийгмийн энтерпрайз хэлбэрийн бизнес, иргэний нийгмийн гибрид байгууллагын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх
- ТББ-ыг ашгийн төлөө байгууллагаас ялгасан тодорхойлолт, түүнд суурилсан ангиллыг санал болгох харьцуулсан судалгаа
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу ТББ-ын дүрэмдээ заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого татвараас чөлөөлөгдөх заалтыг хэрэглэж буй практикийг судалж, зөвлөмж гаргах бодлогын шинжилгээ
Эрдэс баялгийн салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр:
- Уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн сүлжээ бэхжүүлэх бодлого, зохицуулалт /олон улсын стандарт, сайн туршлагыг харьцуулах/
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын ил тод байдал
- Эрдэс баялгийн салбарын орлогыг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан сумдад хуваарилж буй байдал
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн томилгоо, ил тод байдал
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизм
- Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналт, чадавх: Хяналт шалгалтын тогтолцоо, үр нөлөө
- Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт: Улаанбаатар хотын захиргаа, ИТХ-аас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах үйл явц /кейст тулгуурласан эрх зүйн дүн шинжилгээ/
- Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэх эрхийг өргөжүүлэх нь /харьцуулсан судалгаа/
Эдийн засаг, төсөв, санхүүгийн чиглэлээр:
- Улсын төсвөөр, төрийн өмчит компаниудаар болон бусад сувгаар дамжуулан Монгол Улсын эдийн засагт төрөөс оролцож буй түвшний судалгаа /олон улсын сайн туршлагатай харьцуулах/
- Улсын төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн судалгаа
- “Шинэ хөдөө” төслийн хүрээнд санхүүжүүлсэн төслүүдийн судалгаа
- Засгийн газрын тусгай сангуудын 2023-2024 оны зарцуулалт
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг татаж авна уу.
Cудалгааны төслийн маягт - Татаж авах
Хувь хүнтэй хийх гэрээнд татвар, НДШ тооцох аргачлал - Татаж авах
Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг:
Судалгааны төслийн баримт бичгийг 2025 оны 3 сарын 21-ний Баасан гарагийн 18 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Санамж: Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авах ба дээрх чиглэлүүдээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.